МКУТ шинэ доктортой боллоо
2017.01.27
Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Г.Амарсанаа 2016 оны 12 сард докторын зэрэг хамгаалуулах Электроник, мэдээлэл, холбооны зөвлөлд "Олон хэлний ялгамжит онтологийг олны хүчээр нутагшуулах аргачлал (A methodology for diversity-aware ontology localization via crowdsourcing)" сэдвээр амжилттай хамгааллаа. Түүний судалгааны ажлын гол чиглэл нь семантик технологи, ертөнцийн мэдлэгийн санг хөгжүүлэх, тэр дундаа монгол мэдлэгийн сан үүсгэх юм. Хүний хүсэл хэрэгцээг хүний хэлээр ойлгож ухаалаг үйлчилгээ үзүүлж чадах компьютерийн програм хангамж, системийг хөгжүүлэхэд бодит ертөнцийн мэдлэг, үйл явдлыг машинд загварчлах шаардлагатай байгаа бөгөөд ийм төрлийн системийг хөгжүүлэхэд мэдлэгийн цахим сан шаардлагатай. Түүнчлэн олон хэл соёлтой хүмүүсийн бүтээж буй мэдлэг, ертөнцийг үзэх үзэл ялгаатай байдаг тул энэ ялгамжийг (diversity) тусгасан нэгдмэл мэдлэгийн сан дараа үеийн компьютерийн технологид тавигдаж буй чухал асуудал юм. Даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд ийм мэдлэгийн сан үндэстэн дамнасан харилцааг шинэ шатанд гаргах, өгөгдөл, мэдээллийн технологийн тусламжтайгаар нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон сайн талыг авч ирэх болно гэдэгт тэр итгэдэг.
 
Тэрээр 2012 оноос докторын сургалтаа эхлүүлэн Италийн Трэнтогийн их сургуульд докторын солилцооны оюутнаар 1.5 жил суралцаж байгаад ирсэн юм. Ирээд нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, өгөгдлийн шинжилгээ, онтологи болон мэдлэгийн сан байгуулах чиглэлээр тус сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа билээ. Одоо ХШУИС-ийн Машин оюуны лабораторийн Өгөгдөл ба мэдлэгийн менежментийн багийн ахлагчаар ажиллаж байна. Мөн нээлттэй ба их өгөгдөл, өгөгдлийн шинжилгээний оюутны дугуйлан удирдан ажилладаг манай залуу багш нарын нэг билээ.
Үзсэн : 559

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр