ЕВРОПЫН ХОЛБООНЫ ERASMUS+ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ URGENT ТӨСӨЛ
2021.03.30

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT” төсөл МУИС-д хэрэгжиж эхэллээ. Уг төсөл нь 2021-2023 оны хооронд нийт 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үндсэн зорилго нь Энэтхэг болон Монгол улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдлыг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр дамжуулан, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх замаар сайжруулахад оршино. Төслийн хүрээнд дараах 4 ажил хийгдэнэ. Үүнд:

  1. Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдэлтэй холбоотой бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдэд анализ хийж, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, менежментийн чиглэлийг нэмж оруулах, дээд боловсролын түвшинд ашиглах 6 модуль хичээлийг бэлтгэнэ.
  2. Европын Холбоо, Энэтхэг, Монгол улсуудын хамтрагч байгууллагуудын хооронд сургалт-судалгааны мэдээлэл солилцох боломж бүхий хамтарсан сургалтын платформ, цахим сургалтын үйлчилгээг бий болгож, түүгээрээ дамжуулан сургалтын чанарыг сайжруулна.
  3. Ажил олгогчдын оролцоог хангасан, уян хатан, практикт чиглэсэн сургалтын хандлага, агуулгыг бий болгож, энэ нь төслийн турш болон дараа ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
  4. Хамтрагч талуудын хооронд эрдмийн солилцоо, сургалт-судалгааны тоног төхөөрөмжийг хамтран ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Төсөлд нийт 5 улсын 15 байгууллагууд хамтран ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудас болон Facebook группээс авна уу.

http://urgent-project.net/

https://www.facebook.com/groups/urbangreenblue

 

Мэдээлэл бэлтгэсэн:

Профессор О.Алтансүх

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213