Mo-99/Tc-99m генераторыг үйлдвэрлэх, хавдрын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх талаар виртуаль сургалтыг зохион байгуулж байна
2020.12.26
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-н Техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны төслийн хүрээнд Монгол улсын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК)-н дэмжлэгээр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ) “Radioisotopes and Radiopharmaceuticals for SPECT imaging” сэдэвт виртуаль сургалтыг 2020 оны 12-р сарын 7-18-ны хооронд зохион байгуулж байна.
Уг сургалтыг ОУАЭА-ийн мэргэжилтэн Аруна Корде, төслийн менежер Винсент Руэ, ЦЭК-ийн ахлах мэргэжилтан Ц.Отгонцэцэг, МУИС-ийн ХШУИС-н багш Б.Мөнхбат нар хариуцан зохион байгуулж байна. Сургалтыг виртуаль хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд ОУАЭА-ийн шинжээч, профессор Тамер Мустафа Хафез Скар, Анупам Матхур нар хичээл зааж байгаа ба нийт 8 байгууллагийн 32 мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалтаар цацраг идэвхт изотопийн анагаах ухааны салбар дахь хэрэглээ, ялангуяа хавдарын оношлогоо, эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Mo-99/Tc-99m генераторын тухай лекц, семинар орж байна. Энэхүү генераторыг үйлдвэрлэх, түүнд тавигдах чанарын хяналт, үйлдвэрлэлийн процесст тавигдах стандарт, генераторыг угсрахад шаардагдах лабораторийн дизайн, ажиллах боловсон хүчний шаардлага зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод өгч байна.

Монгол улс одоогийн байдлаар хавдрын оношлогоо, эмчилгээнд ашиглагддаг цацраг идэвхт изотопуудаа бүгдийг гадны орноос импортоор авдаг ба тээвэрлэлт, хил гаалийн татвар зэрэгтэй холбоотойгоор харьцангуй үнэтэй болдог. ЦФСТ нь ОУАЭА-ийн ТХА-ны төслийг хэрэгжүүлж дотооддоо Mo-99/Tc-99m генераторыг үйлдвэрлэх, дотоодын эмнэлэгүүдээ хангах зорилго тавьж ажиллаж байна. Энэхүү ажил дөнгөж эхлэх үе шатандаа явьж байгаа бөгөөд хэрэв төсөл амжилттай хэрэгжиж генераторыг дотооддоо үйлдвэрлэж эхэлбэл хавдрын оношлогоо, эмчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213