Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг олгохоор боллоо
2020.04.29

Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончигийн Очирын нэрэмжит тэтгэлгийг 2021 – 2022 оны хичээлийн жилээс эхлэн Химийн шинжлэх ухаан болон Байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторантуудын судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор жил бүр ахисан түвшний нэг суралцагчид олгохоор боллоо.

Энэхүү тэтгэлгийг олгох гэгээн үйлсийг түүний үр хүүхэд, гэр бүлийн зүгээс санаачилан, байгалийн шинжлэх ухааны салбарт өөрийн эрдэм боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа залуу хойч үеийнхнийг дэмжих, эрдэмд шамдан суралцах, ихийг хийж бүтээх эрмэлзэл бүхий залуу судлаачдад урам өгөх зорилгоор эхлүүлж байгаа юм.

Нэрэмжит тэтгэлгийн эзэн Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончигийн Очир нь 1944 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрж, бага дунд сургуулийг нутагтаа дүүргэн, 1968 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучин нэрээр, одоо Оросын Холбооны Улс) С.К.Тимошекийн нэрэмжит Москвагийн Химийн цэргийн академид элсэн, 1972 онд онц дүнтэй төгсжээ.

1975 оноос Батлан Хамгаалах Яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1990 он хүртэл Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Түүнчлэн Чехсловак Улсын (хуучин нэрээр, одоо Бүгд Найрамдах Чех Улс) нийслэл Прага хот дахь Шинжлэх Ухааны Академийн Органик хими ба биохимийн хүрээлэнд 1985-1990 онуудад ажиллаж байсан.

Эрдэмтэн Г.Очирын өөрийн болон хамтын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь тухайн үеийн олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд нийтлэгдэн олны хүртээл болж байснаас дурдвал:

  • 1985 онд “Composition of the essential oil heracleum dissectum” өгүүллийг ACS хэвлэлийн газрын Journal of natural products сэтгүүлд,
  • 1990 онд “Composition of Achillea asiatica Serg, essential oil” өгүүллийг Wiley хэвлэлийн газрын Flavour and fragrance сэтгүүлд,
  • 1991 онд “New sesquiterpene lactones from the Achillea genus” өгүүллийг Planta medica сэтгүүлд,
  • 1991 онд “3-oxa-guaianolides from Achilea millefolium” өгүүллийг Elsevier хэвлэлийн газрын Phytochemistry сэтгүүлд тус тус хэвлүүлж байжээ.

Тухайн цаг үед манай улс нь социалист буюу хаалттай нийгмийн системтэй байсан бөгөөд шинжлэх ухааны үр дүнг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэх нь томоохон амжилтад тооцогдож байсан.

Дээрх эрдэм шинжилгээний өгүүллүүдээс гадна дараах шинэ бүтээл, оновчтой саналыг хөдөлмөрч нөхдийнхөө хамтаар гаргаж, оюуны өмчөө зохиогчийн эрхээр баталгаажуулжээ.

  • 1992 онд “Баянбүрд” хийжүүлсэн ундааг тухайн үеийн АПУ үйлдвэрт үйлдвэрлэж байсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 750.
  • 1992 онд “Хангай” хийжүүлсэн ундаа тухайн үеийн АПУ үйлдвэрт үйлдвэрлэж байсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 751.
  • 1993 онд “Байгалийн фенотиазиныг ялгаж авах арга” шинээр боловсруулсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 779.

Г.Очирын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн ажиллагаанд тэтгэлэг олгогч талыг төлөөлж Г.Очирын эхнэр З.Цэрэннадмид, хүү МУИС-ийн ХШУИС-ийн багш, профессор О.Алтансүх, МУИС-ийг төлөөлж Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцов.

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Тэтгэлгийн хэмжээ: Нэг жилд магистр эсвэл докторын түвшний 1 оюутанд 1 сая төгрөгийг олгох ба өмнө нь өөр тэтгэлэг авсан байж болно.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • МУИС-д хими болон хүрээлэн буй орчны (бүх төрлийн химийн салбар, байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбар) чиглэлд идэвхтэй сурч байгаа магистрант, докторант оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Суралцаж буй чиглэлээрээ судалгааны ажилд 6 сараас дээш хугацаагаар хамрагдаж, тодорхой үр дүн гаргасан байх (гадаад санхүүжилттэй бол давуу тал болно)
  • Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаараа илтгэл хэлэлцүүлсэн байх (олон улсын хурлын эмхэтгэл, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно)
  • Өмнө нь өөр төрлийн тэтгэлэг авсан байж болно. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийг давхардуулж олгоно.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213