Жэймс Стюартын сурах бичгийг орчуулж хэвлүүллээ
2017.10.25

МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулиас Жэймс Стюартын “Дифференциал, интеграл тоолол” номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргалаа.
Шинэ номын нээлт өнөөдөр МУИС-ийн номын санд болов. Тус номыг МУИС, МУБИС, ШУТИС-ийн 10 гаруй багш хамтран жил гаруйн хугацаанд орчуулсан бөгөөд 8 дахь хэвлэлт нь юм. Энэхүү ном нь их, дээд сургуулийн оюутан, судлаач, инженер төдийгүй ахлах ангийн сурагчид ч бие даан үзэх боломжтой, уншихад ойлгомжтой, хялбар, бодит амьдралын өгөгдлүүдийг ашигласан, жишээ, дасгал, төслийн ажлуудтай, шинжлэх ухааны олон салбар дахь хэрэглээг харуулсан жишээгээр баялаг аж.

МУИС-ийн дэд профессор А.Энхбаяр, “Жэймс Стюарт нь Канадын математикч, хийлч хүн. Тэрээр оюутнууд, математикчдад зориулан энгийн жишээгээр тайлбарласан сурах бичиг гаргасан нь маш өндөр борлуулалттай байсан. Номын хэвлэлт бүр нь Амазон сайтын шилдэг борлуулалттай номоор шалгарч, дэлхийн 10-аад хэлээр орчуулагдсан. Зохиогч эхний хэдэн жил 26 сая ам.долларын ашиг олсон. Энэ номд анагаах ухаан, биологи, эдийн засаг, цөмийн физик, эдийн засаг, одон орон судлалыг математикийн аргаар энгийн жишээгээр тайлбарласан учраас мэргэжлийн бус улсууд уншихад ч ойлгомжтой. Тухайлбал, яргай загасны хурд далайн усанд байхдаа хэрхэн өөрчлөгддөг талаар дифференциал тэгшитгэлээр тайлбарласан. Мөн шавьжнуудын генийн өсөлт, бэйсболын бөмбөгний хурдыг ямар аргаар хэмжвэл хамгийн тохиромжтой байх, сансраас авсан долгионыг хэрхэн хэмжих гэхчлэн зургаар илэрхийлсэн. Үүний зэрэгцээ түүхийг нь тайлбарласан учир тооны ном гэхээсээ илүү танин мэдэхүйн ач холбогдолтой” хэмээв.

Үзсэн : 3994

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600