“Монголын мэдээллийн технологи 2023” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав
2023.05.16

Монголын Мэдээллийн Технологийн Консорциум олон улсын жишгээр салбарын эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал, мэргэжлийн сэтгүүлтэй болохоор анхлан санаачилж байсан “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” эрдэм шинжилгээний хурлыг 10 ДАХЬ ЖИЛЭЭ Монгол Улсын Их Сургууль зохион байгууллаа. 2023 оны 05 дугаар сарын 12 ны өдөр МУИС-ийн номын санд болсон тус хурлыг МУИС-ийн ректор, доктор Д.Бадарч нээж үг хэлэв.

10 дахь удаагийн энэхүү хурал нь “ЦАХИМ ШИЛЖИЛТ” сэдвийн хүрээнд үндсэн хуралдаанаас гадна “Холбоо, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал”, “Цахим шилжилт”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Дүрс боловсруулалт” зэрэг зургаан салбар хуралдаантайгаар болов.

Хурлын хүндэт зочид болох Мэдээллийн Технологийн Консорциумын гүйцэтгэх захирал доктор, профессор А.Эрдэнэбаатар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор Ч.Лодойравсал, Харилцаа холбооны зохицуулах хорооны технологийн хөгжлийн төвийн захирал, доктор С.Долгорсүрэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны нарийн бичгийн дарга, доктор Т.Наранмандах, хурлын хөтөлбөрийн хорооны дарга, МУИС-ийн профессор, доктор Б.Ганбат нар хүрэлцэн ирсэн бөгөөд холбогдох хүмүүс үг хэлснээр салбар хуралдаанууд эхэллээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус хурлын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эзэнд нэрэмжит шагналаа гардуулж эхлэхээр болсон бөгөөд энэ жилийн шилдэг өгүүллийн эзнээр “Хүрээ” мэдээллийн технологийн дээд сургуулийн багш, доктор Ю.Отгонбаатар шалгарч, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнуулав.

Тус эрдэм шинжилгээний хурал нь компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй сургууль, мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг чухал ач холбогдолтой юм.

 

Үзсэн : 327

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/