Микропроцессор ба интерфейсийн техник хичээлийн бүтээлийн үзэсгэлэн боллоо
2020.11.09

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Электроник хөтөлбөрийн Микропроцессор ба интерфейсийн техник (ECEN210) хичээлийн бие даалтын ажлын хамгаалалт, бүтээлийн үзэсгэлэн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь оюутнууд багаар ажиллаж, хийсэн ажлаа ерөнхий суурийн оюутнуудад таниулах зорилгоор сургалтын хавтан дээрх ажлаа дэлгэн харуулж байгаагаараа онцлогтой.

Оюутнууд өөрсдийн хийсэн ажлаа ханан илтгэл болгон бэлтгээд бодитоор угсран програмчилсан төхөөрөмжөө бусад оюутнууд болон багш нартаа тайлагнан үзүүлснээр багаар ажиллах чадварт суралцах, өөрийн хийсэн зүйлийг бусдад ойлгогдохуйцаар тайлбарлах, мэдлэгээ бусдад түгээх, электроникийн хөтөлбөрийн онцлог байдлыг таниулах зэрэг ач холбогдолтой юм.

Микропроцессор ба интерфейсийн техник хичээл судалж буй Электроник болон Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн нийт 43 оюутны 11 багийн бие даалтын хамгаалалт, бүтээлийн үзэсгэлэнгийн үнэлгээг багш нараас гадна тухайн өдрийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэс хичээл судалж буй ерөнхий суурийн 50 оюутан үнэлгээ өгсөн. Ерөнхий суурийн оюутнууд бусдынхаа хийсэн ажлыг дүгнэж үнэлгээ өгснөөр өөрсдөө ч мэдлэг чадвараа ахиулах, аливаа зүйлд нухацтай хандах, бусдын хийснийг үнэлж, дүгнэлт өгч сурах зэрэг олон давуу талтай юм. Тухайн хичээлийн бие даалтын ажлыг ерөнхий суурийн оюутнуудаар үнэлүүлж дүгнүүлэх нь электроникийн хөтөлбөрийг таниулан сурталчлах үйл ажиллагаа болсноороо давуу талтай.

Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Үзсэн : 679

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/