ХААН Банкнаас сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа
2019.02.20

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ХААН Банк Сан, ХААН Банкны Энтерпрайз платформ удирдлагын газраас МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн “Компьютерийн сүлжээ” хөтөлбөрийн сургалтад зориулан CISCO брэндийн сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа. 

Дотоодын болон олон улсын хэмжээний томоохон бизнесийн байгууллагуудад өдгөө ашиглагддаг CISCO брэндийн энэхүү тоног төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хангадгаараа дэлхийд алдартай төдийгүй сүлжээг хуваарилах, сервер хооронд өндөр хурдаар өгөгдөл дамжуулах, аюулгүй байдлыг хангах зориулалттай аж.

Аливаа их дээд сургуулийн хувьд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж, чадавхижуулахад орчин үеийн төхөөрөмж бүхий лабораторийн орчин чухал шаардлагатай байдаг. Тэгвэл ХААН Банкаас хандивласан, нэг дор 100 хүн ашиглах боломжтой эдгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар оюутнууд практик мэдлэгээ бататгах, төгссөний дараа ажлын байранд  гараад сүлжээний тоног төхөөрөмж дээр шууд ажиллах боломжтой болох юм.

Төхөөрөмжийг ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар, мэргэжилтэн Э.Бэрцэцэг, ХААН Банкны Энтерпрайз платформ удирдлагын газрын сүлжээний ахлах администратор Г.Хуягбаатар нар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн компьютерийн сүлжээний хөтөлбөрийн багш, профессоруудад хүлээлгэн өглөө.  Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, компьютерийн сүлжээ хөтөлбөрийн профессор, багш нар, оюутнууд байлцан төхөөрөмжийн ажиллагаатай биечлэн танилцаж компьютерийн сүлжээ хөтөлбөрийн сургалт явагддаг 123 тоот лабораторид байрлууллаа.

Компьютерийн сүлжээ хөтөлбөрөөр суралцдаг оюутан залуусын сургалтын орчинд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төхөөрөмжийг бэлэглэсэн  ХААН Банкны хамт олондоо МУИС, ХШУИС-ийн захиргаа, ЭХИТ-ийн хамт олноос талархлаа илэрхийлье.

Үзсэн : 3507

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/