Б.Мөнхбат: “Цөмийн станцтай болох нь нэн тэргүүний асуудал”
2014.12.24

МУИС-ийн ХШУИС-ийн багш, дэд профессор Б.Мөнхбат Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-ийн шагналыг хүртсэн билээ. Энэ онцгой үйл явдалтай холбогдуулж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлага өгснийг хүргэж байна.

-Физикийн шинжлэх ухааныг энгийнээр тайлбарлавал. Өдөр тутмын амьдралд хэр түгээмэл хэрэглэгддэг вэ?

-Шинжлэх ухааны хэрэгцээ гэдэг хязгааргүй. Бид өдөр тутамдаа хэрэглэж байгаа. Жишээ нь, физик бүх шинжлэх ухаан суурь болдог. Бусад шинжлэх ухаанаа тэргүүлдэг. Физикийн шинжлэх ухаанд гарсан дэвшлүүд бусад шинжлэх ухаанд үсрэлт болоход тусалдаг. Физикч хүн математик, хими болон бусад шинжлэх ухааныг мэдэх шаардлагатай болдог.

-Физикийн шинжлэх ухаан олон зүйлийг багтаасан өргөн хүрээний ойлголт. Таны хувьд ямар чиглэл сонгон мэргэшсэн бэ?

-Миний хувьд цөмийн физикийн инженер тал руу голлон ажилладаг. Өөрөөр хэлбэл, хамгийн жижиг зүйлийг судалдаг салбар гэсэн үг. Хамгийн жижиг зүйлийг судлана гэдэг аливаа зүйлийг үүсэл гарал руу ханддаг. Тиймээс судлахад илүү нарийн ажиллагаа шаардана. Тэр утгаар цөмийн физик, цөмийн шинжлэх ухаанд багтах цөмийн инженер тал руу орсон. Өөрөөр хэлбэл, цөмийн энергийг яаж ашиглах тал дээр илүү мэргэшихээр нарийвчлан судалж байна. Цөм гэдэг жижиг зүйлийг хэлдэг. Ийм бага төвшний зүйлийг судлах явцад жижиг цөмөөс асар их энергийг гаргаж авах боломжтойг аль хоёрдугаар дайны өмнө олж мэдсэн байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбар шинжлэх ухаан илүү хөгжсөн. Цөмийн реактор, цөмийн инженерчлэлийн шинжлэх ухаан. Цөмийн урвал явагдаж, асар их хэмжээний энерги гаргаж авснаар тэр энергийг амьдралдаа хэрэглэнэ гэсэн санаа. Уншигчид мэдэж байгаа байх цөмийн цахилгаан станцын талаар. Энэ маш жижиг зүйлийг судалж, цөмийн урвал явуулсны дүнд асар их энерги гаргаж авах боломжтойг харуулж байгаа юм. Энэхүү энергийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэгэхээр цөмийн физикийн хэрэглээ амьдралд асар их юм.

-Энэ салбарын хөгжил манай улсад ямар төвшинд явдаг вэ?

-Цөмийн физикийн хөгжил олон жилийн урт удаан түүхтэй. Хоёулаагийн ярилцаад сууж байгаа Цөмийн судалгаан төв маань гэхэл ирэх онд 50 жилийн ойгоо хийнэ. Энэ байгууллага цөмийн физикийн судалгаа хийдэг. Тэгэхээр энэ салбарын хөгжил Монгол Улсад хоцрогдол харьцангуй бага. Манай салбарын чадалтай мундаг профессорууд дэлхий хэмжээний судалгаа хийж чадаж байгаа. Харин цөмийн энерги, цөмийн эрчим хүч монголчуудад шинэ, шинэлэг зүйл юм. Гэхдээ одоо ид яригдаж буй сэдэв. Манай улс цөмийн энергийг хэрэглэх нь зөв, хэрэглэхгүй бол цааш хөгжихгүй гэдгийг хүмүүс сайн ойлгож байгаа болов уу.
Манай төвийн цөмийн физикийн судалгаанд ашигладаг зарим багаж хуучирч, зарим нь ажиллахгүй байх асуудал бий. Энэ бол хоёр өөр асуудал.

-Цөмийн цахилгаан станц байгуулахад хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?

-Цөмийн станц барьж байгуулахад өртөг өндөртэй. Гэхдээ нүүрсний цахилгаан станц барих төсвөөс давахгүй буюу ойролцоо өртөгтэй. Цөмийн станц анх баригдах зардал өндөртэй нүүрснийх арай хямд. Гэвч нүүрсний цахилгаан байнгын засвар үйлчилгээ шаарддагаас урсгал зардал өндөртэй. Харин цөмийнх эхэлж барихад өндөр өртөг шаардах ч урсгал зардлал багатай. Тэгэхээр энэ бол харьцангуй. Цөмийн цахилгаан станцыг 60 жил ашигласны дараа ашгаа өгнө гэсэн ерөнхий жишээ байдаг. Эхний 10 жилд барьсан өр, зээлийг дарна. Харин сүүлийн 50 жилд зөвхөн мөнгө хийдэг. Урсгал зардал багатай мөнгө их олох нь ашиг бий болгох машин гэсэн үг. Нүүрсний цахилгаан станц эсрэгээрээ. Анх арай бага зардлаар босох ч явцын дунд нүүрсээ авчирна, бутлана, засвар үйлчилгээ хийнэ гээд их хэмжээний урсгал засвар шаардана. Гэхдээ эцэст нь нүүрсний цахилгаан станцаас өндөр өртөгтэй биш ойролцоо тусна.

-Хэдий хугацаанд барьж байгуулах боломжтой вэ?

Цөмийн цахилгаан станц барих нь нэлээд их хугацаа шаардана. Олон улсын жишгээс харахад, дэлхий дахинд энэ станцыг барихад гурван үечлэл байдаг нь ажиглагдсан. Манай улсын хувьд цөмийн цахилгаан станцыг барихын тулд барих ашигтай юу, барьвал ямар хэмжээтэй хаана байрлах зэрэг бэлтгэл ажил шаардана. Түүний дараа барих шийдвэр гарна. Түүнээс хойш шийдвэр гарсны дараах бэлтгэл шаардлагатай гэсэн гурван үечлэл бий. Тэгэхээр олон улсын жишгээр 10-15 жил шаардлагатай. Үүний тулд манай улс эхлээд цөмийн цахилгаан станц барья гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Тэрнээс хойш бид дээрх хугацаанд харж, хуулиа батлах хэрэгтэй. Манайд цөмтэй холбоотой олон улсын хууль огт байдаггүй. Тиймээс хуулиа баталж, хүнээ сургах хэрэгтэй. Мөн энэ чиглэлд хамтарч ажиллах байгууллагуудаа шинээр байгуулах хэрэгтэй юм. жишээ нь, цөмийн цахилгаан станцыг хэн ажиллуулах, хэн хяналт тавихаас эхлээд хийх бэлтгэл ажил их. Тэгэхээр шийдвэр гарснаас хойш 10-15 жилийн хугацаа шаардана даа.

-Цөмийн станцтай болсноор ямар давуу тал бий болох вэ. Ийм давуу чанарыг бий болгосон гаднын орны жишгээс сонирхуулж болох уу?

-Дэлхийн газрын зургийг харахад цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа болон станцгүй улс орныг тодотгосон байдаг. Тэнд Африкийн хэдэн улс, Монгол Улс, Австрали улс үлдээд байна. Бусад дандаа барьсан эсвэл барихаар төлөвлөж байгаа буюу шийдвэр нь гарсан. Сүүлийн үеийн жишээ гэвэл, манайхтай газар нутаг болон хүн амаар тун ойролцоо Йордон улс юм. Энэ улс манайхтай адил эрчим хүчний хомсдолтой. Мөн газрын тос, нүүрсгүй буюу гаднаас худалдан авдаг. Гэтэл энэ улсад станц барих шийдвэр гарч, бэлтгэлээ 10-12 жилд багтааж хийсэн. Тэд цөмийн судалгааны реакторыг эхэлж барьсан нь 2016 онд ашиглалтад орно. 2020 он гэхэд станц нь ажиллаж эхлэх бүх шийдвэр нь гарсан. Йордон улс 10-15 жил бус 10-12 жилд дуусгах төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа. Эрчим хүчээ 100 хувьхудалдан авдаг байсан энэ улс 2020-2025 оны дараа гаднаас 50-60 хувиа худалдан авах боломжтой. Тухайн улсын аюулгүй байдалд энергийн хагамж чухал нөлөөтэй. Тэгэхээр энэ бол асар том боломж юм. Мөн Финлянд, Болгар, баян орнуудаас Саудын Араб зэрэг улсыг дурдаж болно.

-Цөмийн энергийн станц байгуулна гэдэг улс орны эдийн засагт томоохон ач холбогдолтой юм байна. Гэхдээ барьж босгоход нэлээд их хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Харин энэ салбарт ойрын үед тулгамдаж буй асуудал гэвэл та юуг хэлэх вэ?

-Судлаач хүний хувьд хэлэхэд манайхан цөмийн технологи, цөмийн энерги гэж сонсоод сайн мэддэггүй болохоор ихэвчлэн айж хүлээн авдаг. Гэтэл Монголчууд цөмийн технологийг хэрэглээд сурсан хүмүүс. Тухайлбал, эмнэлэгт хавдар, хавдрын оношилгоонд дандаа цөмийн технологийг ашиглаж байна. Хүмүүс хэрэглэж байгаа ч цаад учрыг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгэхээр Монголчуууд эхлээд хүнээ сургачих жижиг оврын судалгааны реактортай болох хэрэгтэй. Хүнээ сургаж, гаднын хүмүүст үзүүлчихдэг ийм технологитой болсноор эмнэлэгт хэрэглэдэг материалуудыг үйлдвэрлэх боломжтой. Туяа эмчилгээнд шаарддаг цөмийн материалыг бид өөрсдөө үйлдвэрлэснээр ард түмэнд цөмийн технологийг ойлгуулна. Монголчууд энэ технологийг ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд судалгааны реактортой болох хэрэгтэй юм. Судалгааны реактортой болох талаарх төслийг би хариуцаж байгаа. Энэ хүрээнд Монголд аль нь тохирох боломжтой талаарх судалгааны ажлыг ид хийж байгаа. Судалгааны реатор авах хугацааг  5-10 жил гэдэг. Харин манай улс харьцангуй богино хугацаанд буюу таван жилийн дотор судалгааны реактортой болох боломжтой. 

-Судалгааны реактортой болсноор ямар давуу талтай вэ?

-Судалгааны реактор нь цөмийн төхөөрөмжтэй адил учир хуулиа баталж, хүнээ сургана. Мөн дэд бүтцийг хөгжүүлж чадна. Судалгааны реактортой болсны дараа эрчим хүчний реактортой болох боломж маш ойртоно. Илүү дөхөм болно гэсэн үг. Судалгааны ажлаа энэ онд эхэлсэн ч нэлээд ахицтай, амжилттай яваа. Гэхдээ дөрвөөс таван жил шаардах байх.

-Та энэхүү судалгааны ажлаараа залуу эрдэмтний шагнал хүртсэн үү?

-Яг энэ биш харин үүнтэй төстэй сэдэв. Ийм төрлийн судалгааны реактор хийвэл тохиромжтой юм гэсэн шийдэлд хүрсэн. Энэ чиглэлээрээ энэхүү шагналыг авсан. Гол санаа нь бүхий л төрлийн электрон бараа, компюьтер манайд нэлээд ашиглаж байгаа “Prius” машинд байдлаг хагам дамжуулах материал маш их шаардлагатай болохоор дэлхий дахинд нэлээд хомсдолд байдаг юм билээ. Үүнийг үйлдвэрлэхэд цөмийн технологи ашиглаж болох санааг гаргасан. Их хэмжээний хагас дамжуулагчийг богино хугацаанд үйлдвэрлэхэд цөмийн судалгааны реактор ашиглая. Тэр реакторын хийц, хэмжээ загвар ийм байх ёстой гэсэн санаа юм. Хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгааг хийсний дараа үр дүнгээ гадаад, дотоодод болсон эрдэм шинжлгээний уулзалт, хурал, форумд удаа дараа оролцон илтгэл тавьж танилцуулсан. Мөн олон улсын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлд цөөнгүй тооны өгүүлэл хэвлүүлсэн.Түүнчлэн мэдээллийн технологийн мэдлэгтээ тулгуурлан, Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран өндөр хүчин чадал бүхий кластер сервэр угсран, зүгшрүүлж, реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай гүйцэтгэсэн.

-Шагналыг ямар байгууллага ямар шалгуураар өгдөг юм бол?

-Монгол Улсын Шинжлэх ухааны Академи ба Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-тай хамтран “Залуу авьяастныг хөхүүлэн дэмжих сан” докторын зэрэгтэй, 40 хүртэлх насны залуу судлаачдыг оролцуулдаг. Эдгээр хүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны үр дүнг үндэслэн шалгаруулж, Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-д дэвшүүлдэг.

-Судалгааны реактортой болбол ажиллах хүний нөөц хэр хүрэлцээтэй вэ?

-Байгуулахад таван жил шаардлагатай гэдгийг дээр хэлсэн. Тэгэхээр энэ бол хүнээ бэлтэх хангалттай хугацаа. Гаднын орнуудад манайхаас маш олон хүн суралцаж байна. Судалгааны реактортой болчихвол хүний нөццийн асуудал шийдэгдчихнэ. Судалгааны реактортой болоход үндсэн хоёр шаардлага тавьж байгаа. Энэ нт нэгдүгээрт, эмнэлгийн материал үйлвэрлэх, хоёрдугаарт, хүнээ бэлтгэх.

-Манайд хамгийн түрүүнд тулгамдаж буй дутмаг материал эрүүл мэндийн салбарт байна уу?

-Хүмүүс мэдэх байх. Хорт хавдар, бамбайн хавдартай хүмүүс ХСҮТ-д очиж туяа эмчилгэний аппаратад шаруулдаг. Улсын хэмжээнд ганц байгаа хавдарын энэлэг болохоор маш их ачаалалтай байлаг. Сүүлийн зургаан сарын хугацаанд тэнд судалгаа хийхэд бамбайн хавдар тусахад иод уудгийг олж мэдсэн. Иод бол цөмийн цацрагт идэвхит материал юм. Гэтэл энэхүү иодыг бүтэн жилийн өмнө захиалж, жилдээ ганцхан удаа уудаг. Жилд ганц ууна гэдэг эмчилгээ биш. Энэ бүтээгдэхүүнийг өөрсдөө үйдвэрлэж чаддаггүйгээс гаднаас худалдан авдаг. Ойр ойрхон худалдан авах нь үнэтэй мөн эмнэлгийн төсвөөс хэтрэнэ. Харин бид судалгааны реактортой болсноор өөрсдөө үйлдвэрлээд маш хямд буюу үнэгүй шахуу өгнө. Тэгэхээр эмнэлгийн тэр чих ачаалал эрс буурна. Түүнээс гадна үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадагшаа зарах боломжтой. Учир нь, дэлхий дахин өөрөө хомсдолд байдаг. Гадаадад зарж эхэлснээр эдийн засгийн хувьд ч маш их үр өгөөжтэй. Мөн манайхан соёлд суралцана. Цөмийн материалыг тээвэрлэх соёлд сурна, зарах хуулиа батална. Мөн тээвэрлэх хүнээ өөрсдөө бэлтгэхээс эхлээд технологи хүртэлх асар их соёлд суралцана.

-Цөмийн энергийн газрыг татан буулгасан асуудал нь энэ салбарын хөгжил хэрхэн нөлөөлөх бол?

-Сүүлийн үед маш их улс төржиж байна. Түүнээс болж Цөмийн энергийн газрыг татан буулгасан. Энэ бол маш харамсалтай үйл явдал. Дэлхий нийтийн жишгээр Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа өргөжин тэлж, улам томордог. Харин манайд яг эсрэгээрээ байна. Цөмийн энергийн газар эрдэмтэн судлаачдад хөрөнгө оруулдаг байсан ганц байгууллага. Энэ байгууллага манайд төсөл өгч бид хэрэгжүүлж, хийж ажилтай байдаг байлаа. Тухайлбал, миний хийж байгаа реакторын судалгааны ажил ирэх жил ямар ч төсөвгүй болсон. Судалгаагаа цаашид хэрхэн үргэлжлүүлэх нь маш хүн асуудал болж байна. Хэрэв байсан бол энэ байгууллагыг илүү оновтой болгож, удирдлагыг солих ч байдаг юм уу арга хэмжээ авч болно шүү дээ. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, энэ судалгааны ажил хувь хэн нэгний асуудал биш, улс орны хэмжээний томоохон асуудал. Харин ийнхүү улс төрийн тоглоом болсон нь харамсалтай. 

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/