Тэнхимийн багш ажилчид “Бадрах Энержи” ХХК компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
2023.03.27

Тэнхимийн багш ажилчид “Бадрах Энержи” ХХК компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

       Тэнхимийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын судалгааны ажил эхлүүлэх боломж эрэлхийлж хэсэг багш ажилчид өнгөрөгч Бямба гараг /2023.03.25/-т Монгол улсад ураны хайгуулыг 2001 оноос, газар доор уусгах аргаар олборлох туршилтыг сүүлийн жил хагас хугацаанд амжилттай гүйцэтгэсэн Бадрах Энержи компанийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ.

Уг компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Өмнөт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэсэн ураны ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Зөөвч-Овоо (93291 тн), Дулаан-Уул (6260 тн) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлдэг юм байна. Бадрах Энержи ХХК Зөөвч-Овоо ураны орд дээр газрын доор уусган олборлох арга (ГДУО)-ын үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна. ГДУО аргыг олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүнийн уурхайн аргаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь ураны ордыг олборлоход ашигладаг бөгөөд уран олборлоход хамгийн өргөн ашиглаж байна. Тус аргаар бусад металл, тухайлбал зэс олборлодог.

Тус компани удахгүй олборлолтын том үйлдвэрлэл эхлүүлэхээр МУ-ын засгийн газартай байгуулах гэрээгээ өргөн барьсан байгаа бөгөөд тэр үеэс үйл ажиллагаа нь өргөжиж, 1000 орчим ажлын байр шинээр үүсэж химийн боловсруулалтын судалгаа, ургамал усны судалгаа, цацрагийн хамгаалал мониторингийн судалгаанд хамтран ажиллах боломж байгааг дурдлаа.

Уран олборлолтын үндсэн арга техник, олборлолтыг аюулгүй ажиллуулах үйл ажиллагаатай танилцсаны дараа ойн мэргэжлийн компанитай хамтран говьд ургуулахаар заг, хайлаас, хотир, сухай зэрэг модны үрийг хүлэмжид үрслүүлэн, улмаар гадна талбайд шилжүүлэн ургуулж буй 90-96 % ургацтай суулгацын талбайд зочлов.

Хамтарсан судалгааг илүү нарийвчлах зорилгоор тус компанийн судалгааны багийг ХШУИС, ХБИТ-ийн багш судлаачдын лабораториор зочлох, санал солилцохоор урьж ажиллахаар боллоо.

Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармуй!

Үзсэн : 176

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200