“Байгалийн болон Биологийн нөөцийн технологи-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2022.10.12

Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Байгалийн болон Биологийн нөөцийн технологи-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хими, Биологийн инженерчлэлийн тэнхимийн зүгээс амжилттай зохион байгууллаа. Монгол, Япон, Солонгос, Хятад, Австрали зэрэг нийт 7 орны эрдэмтэн, судлаачид нэгдсэн болон Байгалийн нөөцийн технологи, Биологийн нөөцийн технологи гэсэн салбар хуралдаануудаар нийт 48 илтгэлийг хоёр өдрийн турш хэлэлцүүллээ. 


МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Байгалийн болон Биологийн нөөцийн технологи-2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Биологийн нөөцийг хамгаалах, зүй зохистой хэрэглэх, улс орны эдийн засгийг дэмжих нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх, байгалийн нөөцийг боловсруулах технологид тогтвортой хөгжлийн бодлогыг уялдуулах нь чухал болохыг онцолсон юм. Мөн хурлын нээлтэд  Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох оролцон судалгааны, нээлтэй лабораториудыг хөгжүүлэх, салбар дундын судалгааг дэмжих талаар бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудаасаа танилцуулан хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

МУИС-ийн Хими, Биологийн инженерчлэлийн тэнхим нь Биоинженерчлэл, Химийн инженерчлэл, Химийн боловсруулалтын технологи, Нано-шинжлэх ухаан инженерчлэл, Цөмийн инженерчлэл, Материал судлал, инженерчлэл хөтөлбөрүүдээр тус тус сургалт явуулж байна. Манай төгсөгчид Оюу Толгой ХХК, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, АПУ ХХК, Буян ХХК, Геологийн төв лаборатори зэрэг үндэсний томоохон үйлдвэр, аж ахуйн газруудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох тэсрэх бодисын, фосфорын бордооны, хүхрийн хүчлийн, зэсийн баяжмалыг хайлуулах, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэрүүдэд ажиллах инженер, технологичдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага их байгаа бөгөөд, үндэсний томоохон компаниудтай болон гадаадын байгууллагуудтай хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай гүйцэтгэж байна. 

 

Үзсэн : 422

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200