Багш, оюутны старт-ап 2018
2018.12.03

      МУИС-ийн оюутны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны 5-р сараас 11 сар хүртэл хугацаанд "Багш, оюутны старт-2018" (NUM START 2.0) хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. 

      Тус хөтөлбөрийн хүрээнд Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)-ийн ХИМИ, БИОЛОГИЙН ИНЖЕНЕРЧЭЛИЙН ТЭНХИМ-ийн Ургамлын биотехнологийн лабораторийн ахлах багш, доктор Б.Даваапүрэв, Шинэ материалын лабораторийн доктор Б.Цэрэнханд, ХБИТ-ийн лаборант, мастер М.Долгормаа нар тус бүр оролцлоо. 

Үүнээс "MONGOLIAN BIO FUTURE" MBFU -ийн

Төслийн нэр : "Цомцогт бэр цэцэг (Scabiosa comosa Fisch.) ургамлаар бэлтгэсэн бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхитэй ам зайлагч" 

Бүтээгдэхүүний нэр:  Uniqare

ХШУИС-ХБИТ-ийн ахлах багш, доктор Б.Даваапүрэв-ээр удирдуулсан 

  1. Г.Намуунаа МУИС-ХШУИС, Биоинженерчлэл /4-р түвшин/
  2. П.Мандарваа МУИС, БС, Менежмент /4-р түвшин/
  3. Ц.Золзаяа МУИС, ХШУИС, Биоинженерчлэл /Магистрант/
  4. Х.Сувд-Эрдэнэ МУИС, ШУС, Хими /3-р түвшин/
  5. М.Баярмаа МУИС, ХШУИС, Биоинженерчлэл /4-р түвшин/
  6. Г.Хастулга МУИС, ШУС, /1-р түвшин/    багийн гишүүдтэй хамт олон "тэргүүн байр"-ыг эзлэв. Б.Даваапүрэв багшид болон хамт олонд нь тэнхимийн зүгээс баяр хүргье. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Төслийн дэлгэрэнгүй танилцуулга:

       "Цомцогт бэр цэцэг (Scabiosa comosa Fisch.) ургамлаар бэлтгэсэн бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхитэй ам зайлагч" нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд тус бүтээгдэхүүний үндсэн найрлага болох Цомцогт бэр цэцгийн өтгөрүүлсэн ханд нь антибиотикт тэсвэртэй болсон микроорганизмын эсрэг өндөр идэвхитэй юм. Зах зээлд зарагдаж буй бусад ам зайлагч бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн химийн гаралтай мөн будагч бодис их агуулдгаас гадна зөвхөн бактерийн эсрэг идэвхи үзүүлдэг байна.

      Шинжлэх ухааны хурдацтай хөгжлийн үр дүнд шинэ эмчилгээний аргууд, эмийн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж, хүн төрөлхтний эмийн хэрэглээ цар хүрээгээ тэлсээр байгаа боловч үүнтэй зэрэгцэн бидний хүрээлэн буй орчинд амьдарч өвчин үүсгэдэг олон төрлийн нянгууд эмийн нөлөөнд, тэр байтугай ариутгалын бодист хүртэл тэсвэртэй болж хувьсан өөрчлөгдөж байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болсоор байна. Иймээс бактерийн гадна нөлөөнд тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхитэй, хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй нэгдлийг ургамлаас олж илрүүлэх, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Бичил биетнүүд нь гадны сөрөг хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах, дасан зохицохын тулд биофильм гэж нэрлэгддэг полисахаридан бүрхүүл үүсгэх, антибиотик нийлэгжүүлэх, эзэн эсийн лейкоцитийг үхүүлдэг рамнолипид ялгаруулах, пигмент үүсгэх зэрэг хариу урвал үзүүлдэг. Бичил биетний эдгээр процесс нь ауто-өдөөгч (auto-inducer)-ийн экспрессээр идэвхиждэг Quorum sensing (QS) механизмаар зохицуулагддаг.

       Бидний хийж буй бүтээгдэхүүний гол давуу тал нь амны хөндийд байршин шүд болон буйлыг үрэвсүүлэн өвчин үүсгэж буй бактерийн бөөгнөрөлийн гадна талаар үүссэн биофильмийн бүрхүүлийг устгах (антибиотикт тэсвэртэй болсон чадварыг устгах) буюу уг бүрхүүл үүсэхээс урьдчилан сэргийлсэх ач холбогдолтой бөгөөд нөгөө талаас амны хөндийн ашигтай микрофлорыг устгахгүйгээрээ онцлог юм.


Davaapurev@seas.num.edu.mn 

7730-7730-(3212)

 

Бэлтгэсэн: Б.Хишигдэлгэр

Үзсэн : 1433

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200