Захирлын мэндчилгээ
Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль (ХШУИС) нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн түүхэн шийдвэрийн дагуу МУИС-ийн хуучин бүрэлдэхүүн болох МТС, МКС, ГГС, ББС, ХХИС, ФЭС зэрэг салбар сургуулиудаас инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн сургалтын хөтөлбөр, судлаач багш нар, оюутнуудыг нэгтгэн 2013 оны 12-р сард шинэчлэн байгуулагдсан.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-д хамаарагдах 40 хөтөлбөрөөс ХШУИС-д 12 хөтөлбөр харъяалагдаж байгаа нь ХШУИС нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн нэг гол брэнд болж байна.
Тус сургууль нь Монгол улсын хөгжлийн бодлого, мэдлэгт тулгуурласан эдийн засаг, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэн техник, технологи, байгаль, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, нийгэмдээ үйлчлэх, улс орны хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулах, иргэний өндөр ухамсар, соёлтой шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Бид МУИС-ийн хэмжээнд Мэдээллийн технологийн чиглэлийн сургалт, судалгааны бодлогыг хэрэгжүүлэхээс гадна голчлон Шинжлэх Ухааны Сургууль болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд, хүрээлэн төвүүдтэй хамтарсан сургалт-судалгааны төсөлт ажлуудыг гүйцэтгэх, шинжлэх ухааны дэвшилтэд ололтыг практик үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
ХШУИС нь захиргааны зөвлөл, сургуулийн болон тэнхимийн хөтөлбөрийн дэд хорооноос гадна мэргэжлийн таван тэнхим, сургалтын алба, оюутанд үйлчлэх төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн байгууллага, хүмүүст манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та бүхэнд сайн сайхныг хүсье.
ХШУИС-ийн цахим хуудсанд тавтай морилно уу.
Захирал,
Дэд проф Д.Бямбажав