“Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021” эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд цахим хэлбэрээр анх удаа зохион байгууллаа
2021.05.14

Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо (СЭХИХ) ГҮТББ-аас санаачлан, МУИС, ШУТИС, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ) ТӨААТҮГ, “Монгол эрчим хүч клуб” НҮТББ-ууд хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021” эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурал цар тахлын үеийн хөл хорионы нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдав.

Тус эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын их, дээд сургуулиуд зэрэг 13 байгууллагын эрдэмтэн судлаачдаас нийт 44 илтгэлийг хэлэлцүүлэхээр ирүүлсэн бөгөөд хурлын шүүмжийн комиссын хэлэлцсэнийн үр дүнд 33 илтгэлийг таван салбар хуралдаанаар хэлэлцүүлж, салбар хуралдаан бүрийн шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс залуу судлаачдыг дэмжих зорилгоор нэг илтгэгчийн холбогдох зардлыг бүрэн хариуцаж олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэвшүүлэн оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шагналыг МУИС-ийн “Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэл” хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Б.Мөнхзаяа хүртлээ. Б.Мөнхзаяа оюутны хувьд 2021 оны 10-р сарын 31-нээс БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдах “Ази номхон далайн сэргээгдэх эрчим хүчний форум (AFORE-2021)” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох бэлтгэлээ эхлүүлээд байна.

Хурлын үйл ажиллагааг “М-Си-Эс Интернэйшнл”ХХК, “Жи-Пауэр”ХХК, “wpd AG” групп, “Клин энержи” ХХК, “Клин энержи Ази” ХХК, “Смарт плас” ХХК, “Степпе солар”ХХК, “Мокса инженеринг” ХХК тэргүүтэй эрчим хүчний, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниуд ивээн тэтгэж оролцлоо.

Мөн зохион байгуулагчдын зүгээс “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021”ЭШХ-ыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна. Хурлаар хэлцүүлэгдсэн болон, бусад илтгэлүүдийг засварлаж сайжруулсаныг үндсэнд хурлын эмхэтгэлийг хэвлэхээр редакцийн зөвлөл ажиллаж байна.

Үзсэн : 253

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/