“Хэрэглээний математикийн тэнхимийн үе үеийн төгсөгчид, багш нарын уулзалт” зохион байгууллаа
2022.11.01

МУИС-ийн үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Хэрэглээний математикийн тэнхимээс үе үеийн төгсөгчид, багш нарын уулзалтыг Статистик, Хэрэглээний математик, Цаг уур, Ус судлалын салбарын үе үеийн төгсөгчид, багш нар, оюутнуудын дунд 2 үе шаттайгаар 2022 оны 10 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  

Энэхүү уулзалт нь

  • Төгсөгчид, оюутан суралцагчдын залгамж холбоог бэхжүүлэх, Монгол Улсад чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаанд төгсөгчид идэвхтэй оролцох, цаашид хамтарч ажиллах зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх 
  • Хэрэглээний математик, Статистик, Цаг уур, Ус судлалын салбарын үе үеийн бүх төгсөгчид, багш нарыг нэг доор уулзах торгон мөчийг бий болгох
  • Мэргэжил нэгт нөхөд, ангийн анд, найз, багш, шавь нараараа бахархах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Мэргэжлээ олон нийтэд сурталчилан таниулах зорилготой байлаа.  

Уулзалтад 1967 оноос хойших МУИС-ийн Цаг уур, Статистик, Ус судлал, Хэрэглээний математик, Хэрэглээний физик экологи, Эдийн засгийн математик загварчлал зэрэг ангиудад суралцаж төгссөн үе үеийн 160 гаруй төгсөгчид, багш нар оролцлоо. 

Эхний үе шат болох тэнхимийн багш нар, төгсөгчид, оюутны дунд явуулсан волейболын тэмцээнийг 2022.10.22-ны өдөр МУИС-ийн спортын зааланд амжилттай явагдсан. Уг тэмцээнд Статистик 2021, ЦУОШГ, Статистик оюутнууд, Нисэхийн ЦУ, Цаг уур оюутнууд, ЭЗМЗ 2008, ХФЭ, ЭЗМЗ 2010, ХМ төгсөгчдийн нийт 10 баг, тамирчид оролцож шилдэгүүдээ тодруулсан. 

Тэмцээний шагналт байрууд:

  • Тэргүүн байр: П.Нарангэрэл ахлагчтай Статистик 2021 оны төгсөгчдийн баг 
  • Дэд байр: Ү.Бямбадорж ахлагчтай Статистикийн оюутнуудын баг
  • Гутгаар байр: Б.Ганболд ахлагчтай Багш нарын баг

Шилдэг тоглогчид

  • Шилдэг эрэгтэй тоглогч: Статистик хөтөлбөрийн төгсөгч М.Пүрэвхүү
  • Шилдэг эмэгтэй тоглогч: Статистикийн оюутнуудын багийн А.Ануужин
  • Шилдэг зохион байгуулалттай хамт олон: Б.Дэлгэрхангай ахлагчтай Эдийн засгийн математик загварчлал 2010 оны төгсөгчдийн баг хамт олон тус тус шалгарсан.

2-р үе шат буюу төгсөгчид, багш нарын уулзалт 2022.10.28-ны өдөр МУИС-ийн эрдмийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг нээж ХШУИС-ийн захирал, Профессор Д.Бямбажав үг хэллээ. 

Уулзалтын үеэр тэнхимийн эрхлэгч Профессор Д.Баянжаргал Хэрэглээний математикийн тэнхимийн үйл ажиллагаа, сургалт судалгааны өнөөгийн түвшин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар танилцуулга хийж, Төрийн соёрхолт, МУИС-ийн Профессор, Доктор Р.Энхбат “Хэрэглээний математикийн салбарын хөгжлийн замнал” сэдвээр, Цаг уур хөтөлбөрийн 1975 оны төгсөгч, ЦУ-н тэнхимийн эрхлэгч асан, Байгаль Орчны Яамны сайд асан Ц.Адъяасүрэн мэргэжлийн онцлог, түүхэн он цагийн талаар үг хэллээ. 

Мөн Хэрэглээний математикийн тэнхимийн Профессор А.Галтбаяр, “Математик хэрэглээ төвийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын хөгжил”, Профессор А.Энхбаяр, “Компьютер графикийн лабораторийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын хөгжил”, Дэд профессор Э.Мөнхцэцэг, “Ус, Цаг уур, Цэвдэг судлалын лабораторийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын хөгжил” сэдвээр тэнхимийн харьяа сургалт, судалгааны лабораториудын талаар танилцууллаа. 

Мөн төгсөгчдийн төлөөллөөс 

  • Статистик хөтөлбөрийн 2018 оны төгсөгч, ЭС Ай Си Эй ХХК (SICA LLC) Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батсүрэн, “Статистикч мэргэжил судалгааны салбарт”

  • Ус судлал хөтөлбөрийн 2001 оны төгсөгч, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Докторант,  М.Энхтуяа “Ус миний амьдралд”

  • Хэрэглээний математик хөтөлбөрийн 1997 оны төгсөгч, Тээвэр хөгжлийн банкны Төр, хувийн хэвшил, хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал Д.Хүрэлчулуун “Миний мэргэжил миний амьдралд”

  • Хэрэглээний физик экологи хөтөлбөрийн 2002 оны төгсөгч, ШУА, ГГХүрээлэнгийн НЭЗГазарзүйн салбарын дарга, Доктор, М.Алтанбагана “Төгсөгчид ба мэргэжлийн онцлог, боломж”

  • Цаг уур хөтөлбөрийн 1997 оны төгсөгч, Судлаач, Евразийн Дэлхий Судлалын Институт, Истанбул Техникийн Их Сургууль (Турк улс); Нагояа Их сургууль (Япон Улс) Доктор Б.Нандинцэцэг “Би ЦАГ УУРЧ мэргэжлээрээ бахархдаг”

  • Эдийн засгийн математик загварчлал хөтөлбөрийн 2011 оны төгсөгч, Адепа Инвестмент Сольюшн ХХК ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Хулан “Хөрөнгө оруулалтын удирдлагын салбарын ирээдүй ба хэрэглээний математик” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ. 

Уулзалтын үеэр Хэрэглээний математик, статистикийн салбар болон Цаг уур, ус судлалын салбарын төгсөгчдийн холбоо байгуулахаар тогтож, үе үеийн төгсөгчдөөс уулзалтад ирсэн хүмүүсийн саналын дагуу төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлд нэр дэвшүүлэв. Мөн үе үеийн төгсөгчид, багш нарын уулзалтыг 5 жилд нэг удаа зохион байгуулж байхаар боллоо.

Уулзалтын төгсгөлд энэхүү уулзалтыг зохион байгуулахад хамтарч ажилласан Хэрэглээний математикийн хөтөлбөрийн анхны 1995 оны төгсөгчид, Цаг уурын хөтөлбөрийн 1999 оны төгсөгчид болон MOSSA компаний захирал, Хэрэглээний математикийн 1995 оны төгсөгч Д.Ичинхорлоо, “Жем Хужирт” ХХК-ны гүйцэтгэх захирал, Хэрэглээний математикийн 1995 оны төгсөгч Г.Сэндмаа нарт тэнхимийн зүгээс талархалын бичиг гардууллаа. 

Уулзалтад оролцсон нийт төгсөгчид, багш нар, ажилчид, оюутнууддаа баярлалаа. Та бүхний цаашдын эрдмийн их ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

ХШУИС-Хэрэглээний математикийн тэнхимийн хамт олон

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 211 тоот өрөө