Cisco Netriders олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон МУИС-ийн багш оюутнууд амжилттай оролцоод ирлээ.

Cisco Netriders олон улсын тэмцээн нь Cisco Systems.inc төхөөрөмж дээр ажиллаж буй, суралцаж буй, сонирхож буй залуусын дунд зохиогддог олон улсын чанартай томоохон тэмцээн билээ. Уг тэмцээнд манай тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн багш оюутнууд удаа дараа амжилттай оролцож ирсэн бөгөөд 2013 онд улсад 2-р байр, 2014 онд улсад 1-р байранд орсноор Ази номхон далайн бүсийн тэмцээнд оролцохоор шалгарч улмаар 3-р байранд орсон сайхан амжилтуудыг гаргаж ирсэн юм. Энэ жилийн тухайд МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн оюутнууд буюу МУИС-ийн Cisco академийн суралцагчид Cisco Netriders олон улсын тэмцээнд Хятад, Монголын бүсээс 1,2-р шатанд шалгарч 9 сарын 19-ний өдөр 3-р шатанд оролцохоор Бээжин хотыг зорьсон билээ.

            Тэмцээний дүн нь гарахад Монгол улсаа төлөөлөн оролцсон МУИС-ийн оюутан Т.Баясгалан 3-р байранд шалгарсанаар өмнөх жилийн МУИС-ийн оюутнуудын амжилтыг давтлаа.

            Уг тэмцээн нь Тив болгоны аваргыг шалгаруулах журмаар явагддаг бөгөөд тус бүрдээ 3 шатнаас бүрддэг. Ази тивээс эхний 2 шатнаас нийт 15 оюутан шалгарсан ба 2015-09-19 –ны өдөр БНХАУ-ийн Бээжин хотын Cisco төв дээр шалгарсан оюутнуудын дунд 3-р шат нь болж өнгөрлөө. Тэмцээн онолын даалгавар, практик даалгавар гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд онолын даалгаварын хүрээнд 100 асуулт 60 минутанд хийдэг бол практик даалгаварын хүрээнд 2 хэсгээс бүрдэх бодлогыг бодон тухайн бодлогоо шүүгч нарт хамгаалах гэсэн даалгавруудыг гүйцэтгэлээ.

            2-р шатны дараах байдлаар Хятадын 3 оюутан эхний байруудад 4-р байрт манай оюутан байсан бөгөөд шийдвэрлэх 3-р шатны дараах байдлаар Макау 1, Хятад 2, Монгол 3 гэсэн байруудыг эзэллээ.

            Уг тэмцээнд үзүүлсэн амжилт нь МУИС-ийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн багш нар болон МУИС-ийн Cisco Academy-тай салшгүй холбоотой юм. 2 жил дараалан Монгол улс болон МУИС-ийн нэрийг Ази болон Дэлхийд гаргаж яваа багш, оюутнуудаараа бахархаж, тэдэндээ амжилт хүсэн дараа жил тэргүүн байрыг эзлэх болтугай гэсэн ерөөлийг өргөн барья.