МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын нээлттэй танхим үүдээ нээлээ

Оюутан оюутандаа үйлчлэх, хамтдаа суралцах, ажиллах, оюутан МУИС хамтран ажиллах оюуны төв буюу МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын ажил хэргээ явуулах танхим өнөөдөр нээлтээ нийлээ. МУИС-ийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ТББ, оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалдаг Оюутны холбоо, Магистр, докторын оюутны холбоо, клубууд болон оюутан бүр нээлттэй асуудлаа ярилцдаг, үзэл бодлоо илэрхийлдэг иргэний танхим болох зорилгыг тавьж үүнд 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг МУИС хийсэн байна. 

Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Захирал Др. А.Галтбаяр, Сургалт эрхэлсэн Дэд захирал Др. О.Мөнхбат, МУИСОХ–ийн тэргүүн Л.Энхтөр, бусад гишүүд, Клубуудын зөвлөлийн гишүүд, оюутан суралцагсад оролцож тус танхимын цаашдын үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийллээ.

МУИС-ийн захирал Др. А.Галтбаяр “Ноднин жилээс хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн зорилгын 70-аас 80 хувь нь оюутанд хандсан, тэдний цаашид хөгжих боломж, хичээл, сурах орчин, оюутны үйлчилгээний чиглэлд хандсан байдаг. Энэ хичээлийн жилийн хувьд оюутны амьдрах орчин, тэдний төлөөллийн байгууллагын үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийгээд байна. Өнөөдөр өрөө тасалгааны багтаамж төдийлөн хангалттай биш байгаа ч, баригдаж буй номын сангийн барилгад орон зай гарвал та бүхний сурч, хөгжих боломжуудыг улам тэлж өгнө. Надад МУИС-ийн оюутан Монголын ирээдүйг бүтээдэг байгаасай, үүний төлөө ажлуудыг хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Тэд сурахын хажуугаар зөв бодолтой, төлөвшилтэй хүн болж гарах ёстой. Мөн өөрсдийн сонирхдог зүйлсийг хийдэг байгаасай гэсэн үүднээс клубуудыг дэмжиж тэдэнд орчныг нь бүрдүүлээд өгөх юмсан гэж боддог. Та нартаа амжилт хүсье.”