Ч.ЛОДОЙРАВСАЛ: ОЮУНЫХАА ХҮЧЭЭР ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХҮЙЦ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ БОЛОХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал, доктор Ч.Лодойравсал, мөн сургуулийн Электроникийн тэнхмийн багш, доктор М.Баярпүрэв нартай ярилцлаа.

-УИХ-аар инновацийн хууль хэлэлцэх гэж байна. Их, дээд сургуулиуд энэ хуулиас ямар үр дүн хүлээж байна вэ?

Ч.Л: -Юуны өмнө инновац гэж юу вэ гэдгийг товч тайлбарлая. Шинжлэх ухаан гэдэг нь баялгийг шинэ мэдлэг, шинэ технологи болгодог бол инновац шинэ мэдлэг, шинэ технологийг баялаг болгодог гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө зарцуулан байж бий болгосон шинэ мэдлэг, технологиор баялаг бүтээж, хөгжлийн механизмыг бий болгоно. Одоогоор манайд инновацийн төслүүдийг төсвийн болон хувийн хэвшлийн аль ч зүгээс санхүүжүүлэх тогтолцоо алга. Олон улсын жишгээс харахад энэ нь тусгай сангийн санхүүжилтээр хийгддэг. Инновацийн хууль нь их, дээд сургууль дээр бий болсон шинэ мэдлэг, шинэ технологийг зах зээлийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах эрх зүйн орчин нээж, түүний санхүүжилтийн болон дэмжлэгийн асуудлыг цогцоор нь шийдсэн байгаа. Тийм ч учраас бид энэ хуулийг батлаг дахыг хүлээж байна.

-Та бүхнийг хагас дамжуулагч чип дизайны чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа гэж дуулсан. Юуны өмнө уншигчдад маань энэ салбарын талаар тойм ойлголт өгөх үү?

М.Б: -XX зууны сүүлчээс эхэлсэн техник технологийн үсрэнгүй хөгжил нь электроник болон мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой. Энэ хөгжлийн цөм нь яах аргагүй хагас дамжуулагчийн салбар. Өнөөгийн нийгэмд хагас дамжуулагч интеграл схем (чип) ороогүй тоног төхөөрөмж олоход бэрх болсон. Гар утас, компьютерээс эхлээд автомашин, онгоц, эмнэлгийн оношлогооны аппарат зэрэг бүхий л төнөг төхөөрөмжийн “гол тархи” нь хагас дамжуулагч чип болсон. Том хэмжээний шинэ чип зах зээлд гартлаа чамгүй хугацаа шаар дагддаг. “Intel” компани олон баг зэрэг ажиллуулдаг болохоор гурван сар тутамд шинэ процессор гаргаад байгаа юм шиг харагддаг. Хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл нь олон үе шаттай цогц үйл ажиллагаатай, маш өрсөлдөөнтэй салбар. Сүүлийн жилүүдэд энэ салбарт бизнес заг вар хүчээ аваад байгаа. Хагас дамжуулагч чип үйлдвэрлэх тех нологи процесс (fabrication) болон чип дизайн нь тусдаа салсан. Зөвхөн чип дизайн хийдэг компаниудыг фаблесс компани гэдэг.

-Монголд хагас дамжуулагч чип үйлдвэрлэх боломжтой юу?

Ч.Л: -Бидэн шиг хүн ам цөөтэй улс үндэстэн урьдчилсан таамаглалыг сайтар гүйцэтгэсний үр дүнд шинээр гарч байгаа ирээдүйтэй судалгааны тодорхой чиглэлүүдэд эрдэмтдийн хүчийг нэгтгэж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, технологи хөгжүүлэх бололцоотой.

М.Б: -Том хэмжээний шинэ чипний дизайн гаргах хугацаа нь ойролцоогоор хоёр жил байдаг. Гэтэл шинэ гарсан чип зах зээл дээрээс ашиг олох хугацаа улам богиносож байгаа. Иймд үйлдвэрлэлийн өртөг болон зах зээлд нийлүүлэх хугацааг багасгахын тулд “системийн интегралчлал” хэмээх ойлголтыг түлхүү хэрэглэх болсон. Энэ нь хаана чипэнд хэрэглэгдэх сайн эд ангиуд байна, түүнийг худалдаж аван цуглуулан нэгтгэж шинэ чип гаргадаг болсон гэсэн үг. Энгийн жишээгээр тайл барлавал, компьютер эх хавтан, график карт, санах ой, хатуу диск, дэлгэцийн карт, цахилгаан тэжээлийн блок гэх мэт хэсгүүдээс тогтдог. “Dell”, HP зэрэг компьютер үйлдвэрлэгч нь үүнийг бүгдийг нь өөрсдөө хийх гэж зүтгэхгүй. Харин мэргэшсэн хэсгээ л өөрсдөө дизайн хийж бусдыг нь аль сайн хийдэг, мэргэшсэн компаниас худалдан авдаг. Монголд чипний эд анги үйлд вэрлэдэг, мөн худалдан авагч нар таа тогтмол чанартай үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болчихвол бүтээгдэхүүн нь дэлхийд борлогдож л таарна.

Ч.Л: Өргөн хэрэглээтэй олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чипний “эд анги” эсвэл бүр бүтэн чип зохион бүтээчихвэл электрон системийн дизайн хийдэг дэлхийн том компаниуд системдээ хэрэг лээд л явчихна гэсэн үг. Бид “Монголд үйлдвэрлэв” гэсэн электрон төхөөрөмжөө олон улсын зах зээлд борлуулахын зэрэгцээ, манай чипийг хэрэглэсэн электрон төхөөрөмжүүдийг гаднын том компаниуд борлуулж эхэлнэ. Олон улсын чиг хандлага нь хагас дамжуулагч чип үйлдвэрлэгчид өөртөө үйлдвэргүй (fables=fabric less), хагас дамжуулагч чипний маскыг бэлдээд үйлдвэрүүдэд захиалж хийл гэхийг илүүд үзэх хандлагатай байна. Фаблесс хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч шилдэг таван компанийн эргэлтийг харвал “Qualcomm” 7.098 тэрбум ам.доллар (АНУ), “Broadcom” 6.540 тэрбум ам.доллар (АНУ), AMD 6.460 тэрбум ам.доллар (АНУ), “MediaTek” 3.610 тэрбум ам.доллар (Тайвань), “Marvel”l 3.602 тэрбум ам.доллар (АНУ) байна. Эндээс ямар их боломж байгаа нь харагдах байх.

М.Б: -Чип дизайн нь 100 хувь оюуны хөдөлмөр. Гарч буй өртгийн дийлэнх нь хүний цалин. Дизайн хийх явцад нийт өртгийн таван хувийг загварчлалд, 15 хувийг алгоритмт боловсруулалтад, 80 хувийг электрон системийн дизайнд зарцуулдаг гэж үздэг. Гэтэл үр дүнд гарсан чипний маань үнэ цэнийн 70 хувь загварчлал алгоритмт боловсруулалтад ногддог. Өөрөөр хэлбэл, эхний хоёр шат дамжлагад цөөн хүн хүч, өртөг шаардагдах боловч чипний маань хир үнэ цэнэтэй байхыг шийдэж, хагас дамжуулагчийн салбарын нийт орлогын өрмийг хамдаг гэсэн үг л дээ.

Ч.Л: -Ийм учраас бид цөөн хүн хүчээр их баялгийг бүтээж чаддаг, ямар нэг түүхий эдээс хамаардаггүй байгальд ээлтэй, олон улсын зах зээлд өрсөлдөж чадахуйц цэвэр оюуны хөдөлмөрт тулгуурласан судалгааны чиглэлүүдийг эхлүүлээд байгаа. Зөвхөн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш нараас гадна МУИС-ийн математик, физикийн багш нар, ШУТИС-ийн багш нарыг ч хамруулж байгаа. Бас нэг зорилго нь Монголд хагас дамжуулагч чип дизайны хөгжлийн эхлэл түүчээ төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. Эхний төсөл маань утасгүй холбооны дараагийн үеийн тоног төхөөрөмжид зориулсан чипний дизайн боловсруулах юм. Одоогоор Япон, ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран математик загварчлалыг боловсруулах судалгааг эхлүүлж, мэргэжлийн семинаруудыг явуулж байна. Эхний үед технологийн судалгаагаа Япон, Германы эрдэмтэдтэй хамтарч байж олон улсын зах зээлд нэвтрэхэд дөхөм болно. Цаашдаа аль болох өөрсдөө бүгдийг хийх хэрэгтэй.

-Тэгээд амжилттай хэрэгжих боломж хэр байгаа вэ?

Ч.Л: -Хагас дамжуулагч чип дизайн гэдэг бол өндөр технологи төдийгүй өвөрмөц онцлогтой салбар юм. Хагас дамжуулагч чип ургуулах зардал их тул олон төсөл хамтарч байж үйлдвэрлэгчдэд захиалдаг. Тийм ч учраас хагас дамжуулагч чип дизайны аж үйлдвэрээр тэргүүлэгч Япон, АНУ, БНСУ, Тайвань зэрэг орон нь улсын хэмжээний нэгдсэн нээлттэй төвд зангидан, төрийн бодлогоор зохицуулж, дэмждэг. Уг төслийг удирдаж байгаа доктор М.Баярпүрэв бид хоёр 2011 оны аравдугаар сард Япон, Тайваньд чип дизайны чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж, Японы Токиогийн их сургуулийн чип дизайны хөгжүүлэлт, боловсролын төв (VDEC), Токиогийн технологийн институт, “STARC” компани, “Keirex technology” компанитай холбоо тогтоож хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хүний нөөц бэлтгэхэд хамтарч ажиллахаар болсон. Мөн түүнчлэн Тайванийн CIC төвтэй холбоо тогтоосон.

Чип дизайн нь Японы стратегийн өндөр технологийн салбар төдийгүй гадаадын улсуудтай түншлэлийн хэмжээнд хамтарч байсан жишээ байхгүй тул Засгийн газар хоорондын яриа хэлцэл хийгдсэний үр дүнд дээрх их сургууль, компаниудтай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх асуудалтай тулгарсан. Азаар танил япон улстөрчийн тусламжийн үр дүнд Ардчилсан намын бодлогын газрын Сэйжи Маехара, Японы эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Эдано Юүкио, Япон гадаад харилцаа, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Тетцүро Фүкүяма, Монголд суугаа Элчин сайд Такенори Шимизү нарт япон улсын дэмжлэгтэйгээр Монголд чип дизайны салбарыг хөгж үүлэх талаар биечлэн танил цуулах бололцоо олдсон.

Үр дүн ч нааштай байсан. Одоо Монголын Засгийн газрын зүгээс санаачлага гарган түншлэлийн гэрээ хэлэлцээрт энэ талаар тусгах хэрэгтэй байна. Засгийн газар үүнийг шийдэж өгнө гэж найдаж байгаа. Ингэвэл Монголд чип дизайны чиглэлээр судалгаа хийхийг хүссэн их сургууль, компаниудын дэд бүтцийн асуудал нь шийдвэрлэгдэнэ.

М.Б: -Тайванийн туршлагаас харахад чип дизайн бол улсын хөгжлийн гарц гэдгийг бүгд ойлгон, бүх нийтийн боловсрол олгох системийг хэрэгжүүлсэн байна лээ. Анх АНУаас дэмжлэг авахад Засгийн газар нь их үүрэгтэй оролцсон юм байна. Тайванийн CIC төв дээр нь Вьетнамын төрийн гурван өндөрлөг нь айлчилсан гэж байсан. Тэгэхээр математик суурь сайтай Вьетнам улс энэ салбар руу хүчтэй орохоор шийдсэний шинж байх. Ер нь чип дизайны салбар төрийн дэмжлэгтэйгээр суурь тавигддаг л даа. Төр засаг, УИХ ч сүүлийн үед боловсрол, инновац гэж их ярьж байна. Их сургуулиуд, өндөр технологийн хотхон зэрэг төслүүд ч боловсруулагдаад байх шиг байна. Энэ нь бидэнд эрчтэй ажиллах урам зориг өгч байна. Танай сониноор дамжуулаад төр засгийн бодлогын энэ их ажлыг урагшлуулж байгаа хамт олон, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ч.Л: Хэдийгээр манай сургуульд төсөл хэрэгжээд явж байгаа ч чип дизайны салбарыг хөгжүүлэхэд тө- рөөс тодорхой хэмжээний бодлого шаардлагатай байгаа. Энэ бол бид оюуныхаа хүчээрээ олон улсын зах зээлд өрсөлдөхүйц брэнд бүтээгдэхүүнтэй болох хамгийн боломжит хувилбарын нэг юм. Нэг суурийг нь тавиад эхлүүлчихвэл хувийн хэвшлийнхэн судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулаад явчих бололцоотой.

-Хүний нөөцийн хувьд хангалттай юу?

Ч.Л: -Одоогоор хагас дамжуулагч чипний дизайн бүтэх дамжлагын эхний хоёр шат болох заг варчлалыг гар гах, алгоритм боловсруулахад багш нар, ахисан түвш ний оюутнуудыг хамруулж бай гаа болохоор харь цангуй гайгүй. Зөв хөн тэднийг үүнд цагаа бүрэн зар цуулах бололцоог нь хангахын тулд санхүүжилт хэрэгтэй байна. Яг чипний дизайн боловсруулахад туршлагатай хүн хангалтгүй байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа залуустай холбогдсон. Ажил амжилттай эхлэхээр тэднийг дуудах төлөвлөгөөтэй байгаа. Энэ чиглэлээр ажиллаж байгаа шавь нар маань төслийн эхний үед зайнаас ажиллаад, дараа нь нутагтаа ирж бидэнтэй нэгдэхээр болсон. Японы Токиогийн их сургууль болон “Кейрекс технологи” компанитай хүн сургахаар тохиролцсон.

-Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? Та бүхний хэтийн зорилго?

Ч.Л: Ирэх дөрөвдүгээр сард “Кейрекс технологи” компанийн захирал Монголд ирж, ажилтан шалгаруулж авна. Хэсэг хугацаанд ажиллуулж туршлагатай болгоод буцааж явуулах юм. Хавраас энэ чиглэлээр олон улсын семинар зохион байгуулна. Нийтэд энэ салбарын сурталчилгааг хийх төлөвлөгөөтэй байгаа. Инновацийн хууль батлагдчихвал хагас дамжуулагч чип дизайны гарааны компаниудыг үүсгэж бойжуулах төлөвлөгөөтэй байна. Бидний хэтийн зорилго маань хагас дамжуулагч чип үйлдвэрлэлийг тойрсон шинэ мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрлэл (кластер), эдийн засгийн шинэ эко салбар үүсгэх юм.

Х.ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: http://www.mongolnews.mn/w/28199