Оюутны програмчлалын үндэсний 9-р олимпиад дүнгээ гаргалаа

Оюутны програмчлалын 9-р олимпиадын дүнгийн хурал 5-р сарын 22-д МУИС-ийн Дугуй танхимд болж хуралд олимпиадыг зохион байгуулах комиссын дарга профессор Д.Гармаа, МУИС-ийн ХШУИС-ийн МКУТ-ийн эрхлэгч профессор Н.Оюун-Эрдэнэ, олимпиадыг зохион байгуулах комиссийн гишүүн С.Оюунсүрэн, Б.Энхтуул, Ц.Энхтуяа, Б.Доржнамжирмаа, Г.Гантулга, Д.Цэдэвсүрэн, А.Хүдэр, Б.Магсаржав нар болон Компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, ШУТИС, МУБИС-ийн багш оюутнууд оролцов.

Энэ олимпиад нь улс, тив, дэлхий гэсэн 3 ангиллаар дараах дүрмээр явагддаг онцлогтой.

  1. Оюутнуудын багийн олимпиад бөгөөд баг нь 3 оюутан, 1 дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээнд 3 оюутан оролцоно.
  2. Тэмцээний 5 цагийн хугацаанд багууд 10 бодлогын програмыг бичих даалгавар гүйцэтгэнэ. Багууд энэ хугацаанд зөв бодолт хийсэн бодлогын тоо ба бодолтын хугацаагаараа өрсөлдөнө.
  3. Бодолтыг автомат системээр шүүнэ.
  4. Багийн 3 гишүүн 1 компьютер дээр ажиллана.

Энэ удаагийн 9-р олимпиад нь МУИС-д Програм хангамжийн салбар үүсч хөгжсөний 25 жилийн ойн нэрэмжит болж зохион байгуулагдсан онцлогтой байлаа.  МУИС-ийн ХШУИС, ШУТИС-ийн МХТС, Цахим нээлттэй институт, Олон улсын Улаанбаатарын их сургууль, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль, Шинэ монгол технологийн дээд сургуулийн багууд болон ШУТИС-ийн төгсөгчдийн баг, ЕБС-ийн сурагчдын баг гэсэн нийт 10 баг 5-р сарын 20-нд өдрийн 13 цагаас 18 цагийн хооронд 10 бодлогын програмыг бичиж оюун ухаан, хурд хүчээ сорьсон.

Багууд дараах амжилтыг гаргасан байна.

Багийн нэр Сургуулийн нэр Зөв бодолт хийсэн бодлогын тоо Бодолтонд зарцуулсан хугацаа (минутаар)
1 num seas МУИС, ХШУИС 6 683
2 goodluck everyone МУИС, ХШУИС 5 345
3 A.BATJARGAL УБ ЭМПАТИ сургууль 5 899
4 pizza ШУТИС, МХТС 5 1087
5 burger ШУТИС, төгсөгчид 4 415
6 MBUS МУБИС, МБУС 4 1006
7 NMIT Шинэ Монгол ТДС 3 259
8 EOI ШУТИС, Цахим нээлттэй институт 2 183
9 IUU-TEAM 2017 ОУУБИС 2 224
10 coder МУИС, ХШУИС 2 327

 

Эдгээр багуудаас МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Б. Тамир, Г. Бат-орших, Б. Жавхлан нарын Г.Гантулга дасгалжуулагчтай NUM SEAS баг Тэргүүн байранд, мөн тус сургуулийн оюутан Д.Майдар, Б.Энэрэлт, Э.Баттулга нарын Г.Гантулга дасгалжуулагчтай GOODLUCK EVERYONE баг дэд байранд, ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Т.Билгүүн, Г.Энх-Амар, Д.Лхагвадорж нарын А.Хүдэр дасгалжуулагчтай PIZZA баг 3-р байранд тус тус шалгарлаа. Олимпиадын тэргүүн байранд шалгарсан МУИС-ийн ХШУИС-ийн NUM SEAS багт энэ намар 10-р сард болох Ази тивийн програмчлалын 43-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нэр төртэй бөгөөд хүндтэй эрх, үүрэг ноогдож байна. Манай улсын баг Ази тивийн олимпиадад 8 удаа оролцсоноос 6 удаагийн олимпиадаас хүрэл медаль, 2012 онд МУИС-ийн МКС-ийн баг мөнгөн медаль хүртсэн байна.

Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комисс баяр хүргэж сурлага, бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөж байна.