Монгол Улсын Их Сургуульд БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн профессор багш нарын айлчлах хөтөлбөр
2018.10.01
БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн Эрика төвийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн захирал Ча Мин Чол, тус сургуулийн багш профессор Ким Жэ Кюүнь, Эмзүйн сургуулийн багш профессор Ким Сан Сон, Программ хангамжийн сургуулийн захирал Ду Гён Гү нарын баг 2018 оны 10 сарын 4-ний  10:00 цагт Монгол Улсын Их Сургуульд айлчилна. 
Тус уулзалтаар МУИС-ийн ижил мэргэжлийн бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, багш нарын мэргэжил дээшлүүлэх, магистр докторын хосолсон, докторын хөтөлбөрөөр шаардлага хангасан төгсөгч, судлаач нартай ярилцлага хийж тэтгэлэт хөтөлбөрөөр Ханьяан Их Сургуульд суралцуулах төлөвлөгөөтэй байна. Ярилцлагыг англи хэлээр явуулах бөгөөд шаардлага хангасан оюутнуудын хувьд Ханьяан их сургуулийн ЭРИКА кампусаас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдэж өгнө.  
 Ярилцлагад орохыг хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна: 
- Математик, физик, хими, биологи суурьтай шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх
- Өөрийн судалгааны ажлын товч намтар (CV) авчрах
- Дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь өндөр байх 
- Тухайн жил бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо бага эсвэл шалгалт өгч байгаагүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)
 Жич: Ханьяан их сургууль нь 1939 онд байгуулагдаж, 79 жилийнхээ түүхэнд БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болсон билээ. Үндсэн оюутны тоо 33’065 бөгөөд үүнээс 8’529 оюутан ахисан түвшний сургалтанд, 6700 оюутан  гадаадаас суралцаж байна. Тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийд #155, азид #30, Солонгос улсдаа #6-д жагссан бөгөөд төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд орсон байна. Тус сургуулийн гадаад төгсөгчид нь “SAMSUNG”, “HYUNDAI”, “LG”, “DAEWOO” зэрэг тус улсын томоохон компанид ажиллаж, туршлага хуримтлуулах боломжоор хангагддаг.
Үзсэн : 255

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр