Оюутны програмчлалын үндэсний 10-р олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2018.04.25

МУИС 2009 оноос эхлэн Олон улсын оюутны програмчлалын олимпиадын дүрмийн дагуу  үндэсний олимпиадыг  жил бүр  эх орондоо зохион байгуулж ирсэн байна. Энэ олимпиад нь улс, тив, дэлхий гэсэн 3 ангиллаар дараах дүрмээр явагддаг онцлогтой.

  1. Оюутнуудын багийн олимпиад бөгөөд баг нь 3 оюутан, 1 дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээнд 3 оюутан оролцоно.
  2. Тэмцээний 5 цагийн хугацаанд багууд 10 бодлогын програмыг бичих даалгавар гүйцэтгэнэ. Багууд энэ хугацаанд зөв бодолт хийсэн бодлогын тоо ба бодолтын хугацаагаараа өрсөлдөнө.
  3. Бодолтыг автомат системээр шүүнэ.
  4. Багийн 3 гишүүн 1 компьютер дээр ажиллана.

Энэ удаагийн Оюутны програмчлалын үндэсний 10-р олимпиад нь МУИС-д Тооцоолон бодох электрон машины лаборатори байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит болж 4 дүгээр сарын 19-23нд  МУИС дээр зохион байгуулагдсан байна. Олимпиадын дүнгийн хурал нь 2018 оны 4 дүгээр сарын 23-нд МУИС-ийн Дугуй танхимд боллоо.

Хуралд олимпиадыг зохион байгуулах комиссын дарга профессор Д.Гармаа, МУИС-ийн ХШУИС-ийн МКУТ-ийн эрхлэгч профессор Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Л.Ганчимэг, олимпиадыг зохион байгуулах комиссийн гишүүн С.Оюунсүрэн, Б.Энхтуул, Г.Гантулга, Б.Доржнамжирмаа, П.Далайжаргал нар болон тус олимпиадыг ивээн тэтгэгч Космо трейд ХХК-ийн маркетингийн менежер Н.Насанжаргал, Информатик хөгжүүлэх сангийн ТУЗ-ийн гишүүн Д.Ууганбаатар нар болон Компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл  оролцов.

Олимпиадад МУИС-ийн ХШУИС, ШУТИС-ийн МХТС, E- нээлттэй институт, Олон улсын Улаанбаатар их сургууль, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль,  Их засаг ОУИХ, Этүгэн их сургууль, ХУИС-ийн Мэдээлэл, Харилцааны Менежментийн Сургууль, Улаанбаатар их сургууль, Идэр  их сургууль,  Эм Ай Ю сургууль болон ШУТИС-ийн төгсөгчдийн баг, ЕБС-ийн сурагчдын  гэсэн нийт 19 баг оролцож 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12.00-17.00 цагийн хооронд 10 бодлогын програмыг бичиж оюун ухаан, хурд хүчээ сорьсон.

Багууд дараах амжилтыг гаргасан байна.

Багийн нэр Сургуулийн нэр Зөв бодолт хийсэн бодлогын тоо Бодолтонд зарцуулсан хугацаа (минутаар)
1 SEAS-2 МУИС, ХШУИС 5 699
2 SEAS-1 МУИС, ХШУИС 5 765
3 MJEED ШУТИС Е-Нээлттэй Институт 2 291
4 SEAS-3 МУИС, ХШУИС 2 724
5 SICT-1 ШУТИС Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль 1 25
6 NMIT Шинэ Монгол ТДС 1 59
7 SICT-2 ШУТИС Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль 1 172
8 bilbo_egg Шинэ Монгол ТДС 1 210

 

Эдгээр багуудаас МУИС-ийн ХШУИС-ийн Г.Гантулга дасгалжуулагчтай оюутан Ж.Алтангэрэл, А.Сүхбат, С.Билэгдэмбэрэл нарын SEAS-2 баг Тэргүүн байранд, мөн тус сургуулийн оюутан Г.Бат-Орших, А.Батжаргал, Б.Эрдэнэ нарын   SEAS-1 баг Дэд байранд, ШУТИС-ийн Е-Нээлттэй институтын оюутан Ж.Ганхүрэл, Г.Хонгор, М.Эрхэмбилэг нарын Г.Эрдэнэчимэг дасгалжуулагчтай MJEED баг 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, алтан, мөнгө хүрэл медаль мөнгөн шагналын эзэд болов.

Мөн олимпиадад амжилт гаргасан багуудыг олимпиадыг ивээн тэтгэгч Космо трейд ХХК, Информатик хөгжүүлэх сан өөрсдийн нэрэмжит шагналаа олгов. Олимпиадын тэргүүн болон дэд  байранд шалгарсан МУИС-ийн ХШУИС-ийн SEAS-2, SEAS-1 багуудад энэ намар 10-р сард болох Ази тивийн програмчлалын 43-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нэр төртэй бөгөөд хүндтэй эрх, үүрэг ноогдож байна. Манай улсын баг Ази тивийн олимпиадад 9 удаа оролцсоноос 7 удаагийн олимпиадаас хүрэл медаль, 2012 онд МУИС-ийн МКС-ийн баг мөнгөн медаль хүртсэн байна.

Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комисс баяр хүргэж сурлага, бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөж байна.

Үзсэн : 300

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр