Профессор, дэд профессор цол олгох, шилдэг багш шалгаруулах тухай
2014.09.17

~~Профессор, дэд профессор цол олгох, шилдэг багш шалгаруулах тухай
2014 оны 9 сарын 17-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар энэ жилийн багш нарын баярыг тохиолдуулан МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг залуу багш шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай авч хэлэлцээд доорхи шийдвэрийг гаргасан болно.
1. Зөвхөн энэ удаа хуучин журмаа  МУИС-ийн стратеги төлөвлөгөө, МУИС-д профессор багш ажиллуулах журам, МУИС-ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам, профессор цол болон зэрэглэлийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн нэг мөр болгон шийдэх МУИС-ийн бодлого зэрэгтэй уялдуулан мөрдөнө. Цаашид профессор, дэд профессорын зэрэглэлд ажиллах багш нараа шалгаруулахдаа олон улсын жишгийн дагуу  тухайн зэрэглэлд тасралтгүй 6 жил ч юм уу ажилласан багшид тэр цол нь олгогдож байхаар холбогдох дүрэм, журманд өөрчлөлт оруулан мөрдөх нь зүйтэй. МУИС нь дэлхийн жишигт нийцсэн судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд олон улсын хэмжэнд их сургуулиудыг эрэмблэх шалгуур үзүүлэлтүүдийг нь  анхаарч,  заримыг нь үйл ажиллагаандаа бага ч болов нэвтрүүлж эхлэх шаардлагатай тулгарч байна. Их сургуулиудыг эрэмблэдэг олон байгууллага байдаг боловч олон улсын хэмжээнд голлон барьж байгаа нь Times higher education world university ranking юм. Энэ байгууллагын үнэлгээнд тухайн их сургуулийн багш, судлаачдын хэвлүүлсэн бүтээлийн иш татагдсан байдал 30 хувийг эзэлж байна. МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмын 2.1.6-д Эрдэм шинжилгээний бүтээлээс нь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид ишлэл авсан тухай тодорхой баримтуудтай байх гэсэн заалт бий. Журмын энэ заалтыг тодорхой болгох үүднээс Байгаль шинжлэл, инженерчлэлийн салбарт олон улсын шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс, Скопус гэсэн 2 мэдээллийн санг ашиглах, харин хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт дээрхи 2-с гадна бүтээлийн тоог харгалзан үзэх зөвлөмжийг ажлын хэсэгт өгөх болов. Цаашид олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, дотоод мэргэжлийн сэтгүүлийг чанаржуулах, дэлхийн шинжлэх ухааны эргэлтэнд ороход нь дэмжлэг үзүүлэх бодлого барих нь зүйтэй гэж үзэв.
2. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг нэр дэвшигчийн болзол хангасан эсэхийг хянан магадлаж, дүнг эрдмийн зөвлөлд танилцуулдаг уламжлалтай. Ажлын хэсэгт МУИС-ийн төдийгүй гаднын байгууллагын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл бүхий эрдэмтдийг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн оруулж, захирлын тушаалаар баталгаажуулахаар болов.
3. Өмнөх туршлагаас харахад ажлын хэсгийн дүгнэлтээр болзол хангаагүй хүн нууц санал хураалтаар цол авах, болзол хангасан  хүн унах зэрэг зохисгүй үзэгдэл байдаг, мөн МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2013 оны 5 сард МУИС-ийн нийт 140 багшийг хамруулан явуулсан социологийн судалгаанаас дүнгээс үзэхэд профессор, дэд профессор цол олгох эсэхийг Эрдмийн зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар шийдэх нь буруу гэж 58.3 % нь үзсэн зэргийг харгалзан үзэж, ажлын хэсгийн дүгнэлтийг Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулж, хүн тус бүр дээр биш, харин ажлын хэсгийн дүгнэлт дээр санал хураалгах нь зүйтэй гэж үзэв.
4. Шилдэг судлаач багшийг шалгаруулан хичээлийн шинэ жилийн нээлтээр шагналыг нь гардуулсан тул энэ номинациар шалгаруулалт явуулахгүй.
 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/