Ойн аж ахуй хөтөлбөр D082101
2017.01.09

Сургалтын төлөвлөгөө

Ойн аж ахуй хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөтэй энд дарж танилцана уу.

 

Хичээлийн уялдаа холбоо

Ойн аж ахуй хөтөлбөрийн хичээлийн уялдаа холбоог эндээс татаж авна уу. Энэхүү хичээлийн уялдаа нь 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн үйлчилж байгаа тул хичээлийн тандалт өгөх болон хичээл баталгаажуулалт хийхээсээ өмнө энэхүү холбоотой сайтар танилцаарай.

Хөтөлбөрийн зорилго

Эзэмших мэргэшлийн онцлогоос хамааран Ойн аж ахуй, Мод бэлтгэлийн аж ахуй, Хот цэцэрлэгжүүлэх салбарт үйлдвэрлэл-технологи, удирдлага зохионбайгуулалт, төсөл эрдэм шинжилгээний ажилд зориулан бэлтгэнэ.

Ойн аж ахуй чиглэлийн боловсролын агуулга нь экосистемийн нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон Ойн үүсэл хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, хүрээлэн буй орчинд гүйцэтгэх үүрэг, гадаад орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн зүй тогтол, түүнчлэн ойг тарьж ургуулах нөхөн сэргээх онцлогийн тухай онолын болон практик мэдлэг арга барил, дадал, зах зээлийн онол, практикийн шаардлагатай уялдан өндөр бэлтгэлтэй онол, эдийн засаг, менежментийн зохих боловсролтой бэлтгэхэд оршино. Ойн мэргэжилтэн бэлтгэхэд үр түүхээс эхлээд ойг тарьж  ургуулах, үр ашигтай ашиглах, нөхөн сэргээх, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх ойн нөөцийг тогтоох, ойн экосистемийн судалгааг хийх зэрэг олон талт хичээлүүдийг  ордог бөгөөд нэг ширхэг модноос олон хэв шинжит ойг хүртэлх төвшинд суралцах шаардлага урган гарч буй юм.

Хөтөлбөрийн үндэслэл

Мэргэжилтнийг эзэмших мэргэшлийн онцлогоос хамааран Ойн аж ахуй, Мод бэлтгэлийн аж ахуй, Хот цэцэрлэгжүүлэх салбарт үйлдвэрлэл-технологи, удирдлага зохион байгуулалт, төсөл эрдэм шинжилгээний ажилд зориулан бэлтгэнэ.

Ойн аж ахуй чиглэлийн бакалаврын боловсролын агуулга нь экосистемийн нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон Ойн үүсэл хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, хүрээлэн буй орчинд гүйцэтгэх үүрэг, гадаад орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн зүй тогтол, түүнчлэн ойг тарьж ургуулах нөхөн сэргээх онцлогийн тухай онолын болон практик мэдлэг арга барил, дадал, зах зээлийн онол, практикийн шаардлагатай уялдан мэргэжлийн өндөр бэлтгэлтэй онол, эдийн засаг, менежментийн зохих боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Ойн мэргэжилтэн бэлтгэхэд үр түүхээс эхлээд ойг тарьж ургуулах, үр ашигтай ашиглах, нөхөн сэргээх, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ойн нөөцийг тогтоох, ойн экосистемийн судалгааг хийх зэрэг олон талт хичээлүүдийг ордог бөгөөд нэг ширхэг модноос олон хэв шинжит ойг хүртэлх төвшинд суралцах шаардлага урган гарч буй юм.

Ой судлалын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас тус тэнхимийг (хуучин нэрээр) 2014 оны байдлаар 700 орчим хүн төгссөн бөгөөд одоогийн байдлаар тус хөтөлбөрийн бакалаврын шатлалд 100 орчим оюутан, төгсөлтийн дараах шаталсан сургалтанд 40 гаруй магистрант, докторант хамрагдаж байна.

Манай төгсөгчид эрдэм шинжилгээний байгууллага, дунд, их дээд сургуулиуд, ойн болон байгаль орчин, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аймаг сумдын ойн анги, үйлдвэр аж ахуйн газрууд, олон улсын байгууллага зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны Бодлого зохицуулалтын газар болон Ой судлалын тэнхим (хуучин нэрээр)-д төгсөгч дэмжигчдийн холбоо Монгол Ой Нийгэмлэг ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага:

А. Суралцагчдад тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

МУИС-ийн суурь хичээлийг судалсан оюутан элсэн суралцана.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:

- Ойн салбарын үйлдвэрлэл, төсөл, эрдэм шинжилгээний зорилтыг шийдвэрлэхэд шаардлагатай хэмжээнд ерөнхий суурь хичээлүүдийн үндсүүд

- Ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, явуулах, ойн баялгийг иж бүрэн ашиглах, зохион байгуулалтын үндэс, үйлдвэрлэлийн үр ашиг материал техникийн хангамжийг дээшлүүлэх зарчимтай холбоотой мэдлэг

- Ойн амьдрал, ой модыг өсгөн үржүүлэх, ойн фондыг бүртгэж тоолох арга, ойн ба ангийн аж ахуй, мод бэлтгэлийг зүй зохистой хөтлөн явуулахтай холбогдолтой мэдлэг

- Цэцэрлэг, ногоон байгууламжийн төсөл зохиох үндэслэл, тэдгээрийг байгуулах технологийн онцлог, гоёлийн мод, сөөгний биологи экологи, ногоон байгууламжинд хийх арчилгаа түүний технологи, ойг хамгаалах арга хэлбэр түүнийг нэмэгдүүлэх боломж.

- Хамгаалалтын ойн зурвасын төрлүүд тэдгээрийг байгуулах технологи, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам.

- Салбарын эдийн засаг, үйлдвэрлэлийг удирдах төлөвлөх, зохион байгуулах үндэс, хөдөлмөр хамгаалал, байгаль орчноо хамгаалах асуудал, хууль эрх, патент судлал, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах үндэслэл

Мэргэжилтэн дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:

- Ойн аж ахуйг үр ашигтай зөв удирдлагаар хангах, эрхэлсэн албан тушаал, үүргийнхээ дагуу ойжуулах, ойд бүртгэл тооллого явуулах, огтлох ойн фондыг зөв тусгаарлах, цэцэрлэг, хотын ногоон байгууламж, байгаль хамгаалалын иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд орчин үеийн дэвшилттэй аргыг хэрэглэх.

- Мод, ойн бусад бүтээгдэхүүнийг ариг гамтай ашиглах, мод бэлтгэх дүрэм журмыг чандлан сахихад хяналт тавьж, ойг тусгаарлах материал мөнгөн үнэлгээг хийх, үндсэн ба завсрын ашиглалтыг шинжлэх ухаантай зохион байгуулах чадвар эзэмшсэн байна.

- Шаардлагатай бүх тооцоог хийх замаар ойг нөхөн сэргээх, ойжуулах, ойн амьдралыг зөв залж хөтлөх ажлын төслийг зохиож, түүний гүйцэтгэлд хяналт тавих, ногоон байгууламжинд тарих мод сөөг ургамлыг зохих шаардлагад тохируулан сонгон авч цэцэрлэгжүүлэх төсөл гаргах, тэдгээрийг тариалах арга барил, чадвар эзэмшсэн байвал зохино.

- Бие дааж шийдвэр гаргах, техникийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг чадвар эзэмшсэн байна.

Бидний тухай

Ойн аж ахуйн инженер бэлтгэхэд 6 багш, 1 туслах ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж докторант 13, магистрант 31, 50 гаруй оюутанд үйлчилж байна. Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Модны жилийн цагираг судлалын лаборатори, “Ойнгенетик, экофизиологийн лаборатори”, “Ойн мониторинг судалгааны лаборатори”, Ойн түймрийн судалгааны лаборатори зэрэг судалгаа, туршилт явууладаг лабораториудтай. Мөн мэргэжлийн ном, сэтгүүл, өгүүллийн сан бүхий бичил номын сан, Монгол орны модлог ургамлын цуглуулгын сан, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах 2000 га талбай бүхий Ойн сургалт судалгааны суурин зэрэг эрдэм шинжилгээ, сургалтын материаллаг баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус мэргэжлээр нийт 700 орчим мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан бөгөөд төгсөгчид монгол орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, зарим төгсөгчид гадаадын мэргэжлийн сургуулиудад өөрсдийн зэрэг цолыг ахиулан сурч, амьдарч байна.

Гадаад харилцаа

Ойн аж ахуйн мэргэжлээр гадаадын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөн далайцтай явуулдаг юм. Тухайлбал хамтын ажиллагааны олон жилийн уламжлалтай АНУ-ын Колумбын Их Сургуулийн Модны Жилийн Цагираг Судлалын Лаборатори, Кентакийн Их Сургууль, Финлянд улсын Ойн институт   буюу METLA, БНСУ-ын Сөүлийн Их Сургууль, Чунгбукийн Их Сургууль, Донггукийн Их Сургууль,БНСУ-ын Ахисан түвшний судалгааг дэмжих сан, БНХАУ-ын Ботаникийн хүрээлэн, Австри Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (BOKU), Олон улсын Ой судлалын байгууллагуудын Холбоо (IUFRO), Олон улсын ой судлаач оюутнуудын холбоо (IFSA) зэрэг байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хөтөлбөрийн зохицуулагч: Профессор Н.Батхүү

 

 

Үзсэн : 1480

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213