ХБИТ-ийн зөвлөх профессор С.Даваа-тай хийсэн ярилцлага
2019.11.11

С.Даваа: Франц, Япон хоёрт итгэхгүй өөр хэнд итгэх вэ?
Эдүгээгээс хагас зуун жилийн өмнө МУИС- д Цөмийн шинжилгээний лаборатори байгуулагдсан. Энэ цагаас эхлэн цөмийн физикийн салбар Монгол Улсад хөгжих суурь тавигдсан гэж үздэг юм билээ. 1997 онд Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Цөмийн шинжилгээний лаборатори болон ШУА-ийн Цөмийн физикийн судалгааны секторыг нэгтгэн МУИС-ийн харъяанд Цөмийн судалгааны төвийг байгуулжээ. Энэ үеэс эхлэн МУИС-д Цөмийн технологийн ангийг нээж, элсэлт авч мэргэжилтэн бэлтгэх болсон байна. Цөмийн судалгааны төв нь Цөмийн өгөгдөлзүйн, Цөмийн аналитик арга зүйн, Цөмийн эрчим хүч, технологийн салбар, Цөмийн физик, технологийн тэнхим гэсэн бүтэцтэйгээр цөмийн физикийн суурь болон хавсарга судалгаа, сургалт эрдэм шинжилгээг хослон явуулдаг. Тус төвд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, мэргэшсэн судлаачид ажиллаж байна. Одоогоор 26 багш, судлаач, 100 гаруй оюутан, магистрын болон докторын суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цөмийн судалгааны төв нь электроны хурдасгуур-микротрон, нейтроны генератор, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, альфа, бета, гамма цацрагийн спектрометр, рентген флуоресценцийн спектрометрүүд зэрэг багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 10 гаруй лабораторитой. Манай улсын ураны нөөцийг тогтоон, олон улсад зарласан “Арева” группын охин компани болох “Кожеговь”-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор маргаан дэгдээд байгаа. Өнөөдөр бидний зөв, буруу гэж мэтгэлцээд байгаа цөмийн станц, ураныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хэлэх мэргэжлийн хүмүүс зөвхөн энд л байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ингээд МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор С.Даваатай ярилцлаа.

-Атомын станц, цөмийн станц гэж хоёр өөрөөр нэрлэгт ялгаа бий юу?
-Байхгүй. Атом гэдэг бол химийн урвалаар үл хуваагдах бодисын хамгийн жижиг хэсэг. Атомын цөм химийн ямар ч урвалаар цааш задрахгүй. Байгаль дээр 92 янзын атом байгаа. Хамгийн хөнгөн нь нэг цэнэгтэй устөрөгч, хамгийн хүнд нь 92 цэнэгтэй уран. Үүнээс цаашихыг нь цөмийн урвалын аргаар гаргаж авсан байдаг. Гэхдээ одоохондоо ямар нэг практик ач холбогдол байхгүй. Богино хугцаанд задардаг тул тогтворгүй. Айлын гэрийг атом гэвэл зуух нь цөм юм. Айлаас утаа гарч байгааг зуухнаас нь утаа гарч байна гэж хэлж болно, айлаас утаа гарч байна гэж болно. Үүнтэй л адил. Гэрэл, рентген туяа зэрэг нь атомаас гарч байгаа, харин нейтрон, протон, гамма туяа зэрэг нь цөмөөс гарч байгаа юм. Үүнийг цөмийн цацраг, түүнийг ашигласан технологийг цөмийн технологи гэдэг. Эрчим хүч талаас нь атом, цөмийн алинаар нь ч нэрлэсэн болно. ОХУ-д Атомын цахилгаан станц гэдэг, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) гэж байдаг. Барууны орнуудад харин Цөмийн цахилгаан станц гэдэг.

-Манайхан уранаа ашиглах цаг хугацаа нь болсон уу?
-Цаг хугацааны хувьд гэвэл одоо л ашиглах цаг. Дэлхийн эрчим хүчний 2003 оны мэдээллээс үзэхэд шатах ашигт малтмалаас газрын тос 41 жил, байгалийн хий 67 жил, нүүрс 164 жил, уран 85 жилийн нөөцтэй гэж байгаа. Гэхдээ уран дотроо олон янз. Өнөөдөр хамгийн өргөн хүрээнд ашиглаж чадаж байгаа нь “уран-235”. “Уран-235” нь байгальд байгаа ураны дөнгөж 0.7%, бас 99.3% “уран-238” гэж бий. Үүнийг өнөөдөр бараг ашиглаагүй байна. Ашиглахад өөр нарийн технологи шаардлагатай. Байгалиас энэ хоёр ураныг зэрэг олборлодог. Гэхдээ уран-235 -ыг ашиглаад, 99.3%-ийг эзэлдэг уран-238 нь хадгалагдаж байгаа. “Уран-238”-ыг ашиглах 2550 жилийн нөөц байна. Ирээдүйд 100, 200 жилийн дараа гэхэд дэлхийн эрчим хүчний суурь чадал нь цөмийн эрчим хүч байхаас өөр аргагүй. Үүнээс бусад нар, ус, салхи, газрын гүний дулаан бол ураны хажууд нөхөн гүйцээх үүрэгтэй байна.

Атомын цахилгаан станц, ашигласан цөмийн түлш, ураны шар нунтаг гэдэг чинь тус тусдаа ойлголт

-Байгалийн баялгаа хадгалж ирээдүйдээ үлдээн, өвлүүлэх гэсэн монгол зан ч гэх үү, манайханд байдаг. Үүцээ задлахгүй үлдээвэл ямар вэ?
-Нэг ч машин мотоцикль, техник хэрэглэхгүйгээр монголчууд бид бүгдээрээ малаа хариулаад, морио унаад, цэвэр агаарт, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүнс хийгээд явж болно. За яахав, гар утас, телевизийн хэрэглээ нь байг. Малаа маллаад явдаггүй юм гэхэд бид өөрсдийгөө хэдэн зуун жил хангачихаар нүүрс, нар байна. Өнөөдөр ажиллуулж чадаж байгаа дулааны цахилгаан станцаа ашиглаад явж болно. Болохгүй зүйл үгүй. Гэхдээ бид ийм байдлаар хөгжих үү. Хүн төрөлхтөний техник техологитой хөл нийлүүлээд урагшаа явах нь бидний ирээдүйгээ угтах алхам. Магадгүй, хэдхэн жилийн дараа олон улс нүүрсний станцыг барихаа больж, хоцрогдоно. Дараа нь байгаль орчныг бохирдуулдаг тул татварын үнэ өснө. Манайд 60-70 жилийн өмнө дулааны цахилгаан станц байгаагүй. Тэр үед манайд энэ станцыг нэвтрүүлэхэд “Нүүрс түлэх нь аймаар хорт утаа гаргадаг. Улаанбаатар хотыг хордуулна, хүн амьтны нас богиносно” гэсэн яриа гарах байсан гэж бодъё. Гэхдээ тэр үеийн төр, засаг “Улаанбаатар хотыг маань 2014 он гэхэд бохирдуулаад, хүн амьтныг хордуулах юм байна. Аргалаа, модоо түлээд, малаа маллаад байя” гэсэн шийдвэр гаргаж болохгүй байсныг бид өнөөдөр харж байна. Бид дулааны цахилгаан станцтай болсноос хойш цахилгаантай, дулаан байранд амьдарч, халуун хүйтэн устай асар их дэвшил гарсан. Үүнтэй л адил. Аль ч талаас нь бодсон шинжлэх ухаан, техникийн дэвшлийг өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх шаардлага байна. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, хөгжил, хангалуун амьдралын гол нөхцөлийн нэг. Ядуурлыг бууруулах чухал хүчин зүйл. Өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчгүй гачигдаж байна. 2030 он гэхэд одоогийн эрчим хүчний хэрэглээ 50 хувиар, түүний дотор хөгжиж байгаа орнуудынх 70 хувиар өсөх таамаглал байна. 2008 оны байдлаар дэлхийн эрчим хүчний 67.7 хувийг шатах ашигт малтмалаас гаргаж байсан. Гэвч эрчим хүчний шатах ашигт малтмал цөөн жилийн нөөцтэйг дээр дурдлаа. Тиймээс дэлхий дахин эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын зэрэгцээ салхи, нар, био түлш зэрэг сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, үнэ өртгийг бууруулахад чиглэгдсэн дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах том асуудал байдаг. Дэлхий дахин цаг уурын ноцтой өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд 1990 оныхоос 50 хувь бууруулах зорилттой байгаа. Цөмийн цахилгаан станц ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг нүүрс, шатаадаг станцаас 44 дахин, шатдаг хийн станцаас 20 дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Аливаа юм гэдэг хоёр талтай шүү дээ. Өнөөдөр бид ертөнцийг өөр нүдээр харах ёстой. Бид өнөөдөр атомыг эсэргүүцээд байвал 100 жилийн дараа Монгол л нүүрс түлдэг, атомын цахилгаан станцгүй хоцрогдсон орон байж болохгүй. Гурван сая монголчууд бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй.

-Манай хоёр хөрш Атомын цахилгаан станцыг хэр хэрэглэж байна вэ?
-Маш их. Манай хоёр хөрш бол дэлхийн том гүрнүүд. Ялангуяа сүүлийн жилүүдэд атомын цахилгаан станц ихээр барьж байгаа орнууд бол Орос, Хятад хоёр. Орос улс дараагийн шатандаа орж, гадаад улсад барьж өгч байна. Энэ хоёр улс бол нутаг дэвсгэр томтой, зах зээл өргөнтэй. Тиймээс атомын цахилгаан станцаас гарч байгаа түлшний хаягдлаа өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ булшилж л таарна. Энэ нь Манай улсад эрсдэлтэй юу гэвэл эрсдэлгүй гэх үндэсгүй. Тухайн газарт нь газар хөдлөөд, дэлбэрэлт болоход хөрш орнуудаас манайд цацраг ирэх магадлалтай. Тэр ч болохгүй, энэ ч болохгүй гээд байвал бусдад ч саад болоод, өөрөө ч хөгжихгүй хоцрогдоно доо.

-Уранаа олборлоод гадагш нь зөөгөөд байх зөв үү? Хуулиндаа шар нунтгийг зөвхөн олборлоно гэж заасан юм билээ.
-Энэ нь зөв. Цөмийн түлш үйлдвэрлэх маш их шат дамжлагатай, нарийн технологи шаарддаг зүйл. Шар нунтаг гэдэг чинь хүдрийн баяжуулалт хийж байгаа хэрэг. Ураны төвшний баяжуулалт бол “уран-235”-ын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг. Ураны түвшний ийм баяжуулалтыг дэлхий дээр дөрөвхөн газар л хийдэг. Өмнөд Солонгост олон атомын цахилгаан станцтай, цөмийн технологи өндөр хөгжсөн улс. Атомын цахилгаан станц барьдаг, өөрөө түлшээ хийдэг. Гэхдээ ураны баяжуулалтаа гадаад оронд хийлгэдэг. Энэ бол асар нарийн технологи. Бид бүх зүйлийг хийнэ гэх юм бол асар их хугацаа, бэлтгэл орно. Тиймээс уранаа олборлоод баяжуулна гэж байхгүй. Ер нь атомын цахилгаан станц, уран гэдэг ойлголт заавал хамт байх ч асуудал биш. Жишээлбэл, Автрали улс атомын цахилгаан станц байхгүй, гэхдээ уран ашигладаг. Өмнөд Солонгос ураны ямар ч нөөцгүй, гэхдээ атомын станцтай. Манай улсын хувьд гадаад оронтой хамтарч ажиллаад атомын цахилгаан станцтай болмоор байна, технологийг нь оруулаач гэж наймаалцах хэрэг гарна. Хэнд юу байна, түүнийгээ харилцан солилцдог наймааны зарчим. Бид шар нунтгийнх нь хэмжээнд уранаа баяжуулаад худалдах хэрэгтэй. Өнөөдөр хамтарч ажиллаж байгаа Францын “Арева” групп уранаа боловсруулаад явж ч болно. Дараагийн шатанд атомын цахилгаан станцтай болох асуудлыг манай улс аль ч улстай ярьж болно. Түлшний асуудлыг зөвхөн атомын цахилгаан станц барих улстайгаа л ярьдаг. Жишээлбэл, бид Оросоор Атомын цахилгаан станц бариулж болно. Тэр үедээ бид танай түлшийг авахгүй, өөрийн уранаар хийсэн түлшээ авна гэвэл тэнэг хэрэг болно. Цаашид бид цөмийн эрчим хүчийг ашиглана гэж бодож уранаа олборлох нь зөв.

Манай улс ОУАЭА- ийн бүрэн эрхт гишүүн. Энэ байгууллага маш их түшиг тулгуур болно. Ураны уурхай дээр ч, атомын цахилгаан станц дээр ч ялгаагүй энэ байгууллага байгаль орчныг хордуулж байна уу, технологи нь зохих түвшиндээ байна уу, зэвсэг үйлдвэрлэх гэж байна уу гээд давхар хяналт тавина. Цацрагийн асуудалтай холбоотой ОУАЭА-ийн дүрэм, журам, зөвлөмжийг мөрдөөд явахад аюул байхгүй. Бид харанхуй зүйл рүү нүдээ аниад орох гээд байгаа юм биш. Дүрэм, журам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой байдаг.

-Ашигласан түлшийг яах вэ? гэдэг асуудал үүсч байна.
-Тийм ээ, энэ бол нарийн ярих асуудал. Үүнийг зөвхөн станц барьж, түлшийг нь өгөх гэж байгаа оронтой ярьдаг асуудал. Шар нунтаг гаргаж байгаа манай улсын хувьд түлшний хаягдлыг нь буцаан авна гэсэн ойлголт дэлхий дээр байдаггүй юм. Атомын цахилгаан станцын түлшний хаягдал нь өнөөдрийн шар нунтагтай ямар ч холбоогүй. Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал өөр гэдэг шиг атомын цахилгаан станц, ашигласан цөмийн түлш, ураны шар нунтаг гэдэг ойлголт чинь тус тусдаа шал өөр асуудлууд.

Иргэний хөдөлгөөнийхөн санхүүжилтээ нууцлаад байгаа нь хардлага төрүүлдэг

-Манай иргэний хөдөлгөөнийхөн уранаар асуудал дэвшүүлж, хор хөнөөлийн талаар ярьж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Иргэний хөдөлгөөнийхөн хяналт тавьж байгаа нь зүйтэй. Ураныг хянадаг, зөвшөөрлийг нь өгдөг төрийн байгууллага бий. Тэдний хяналт хангалттай биш. Орон нутгийн оршин суугчид зэрэгцэн хяналт тавих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл иргэний хөдөлгөөнийхөн төрийн хяналт тавьдаг байгууллагад ч үгээ хэлэх эрхтэй. Үйлдвэрлэл явуулж байгаа компанийг ч хянах эрх бий. Харин иргэний хөдөлгөөнийхний ярьж байгаа зүйл, тавьж байгаа шаардлага үнэнд хэр нийцэж байна вэ гэдэг нь чухал. Байгаль орчин, эх орныхоо төлөө зүтгээд байна уу эсвэл ... гэх эргэлзээ заримдаа төрүүлдэг. Манай иргэдийн үг үү, гаднын санхүүжилттэй, өрсөлддөг компанийн зүгээс явуулаад байгаа гар хөл үү гэх хар төрдөг. Яагаад гэвэл тэд их хэмжээний санхүүгийн хөшүүрэг, урамшуулалтай байж, тийм хэмжээнд ажиллана. Янз бүрийн мэдээлэл авч, янз бүрийн киног орчуулаад телевизээр нэвтрүүлж байна. Хэрвээ биднийг ингэж ажилла гэвэл хөрөнгө хүч дутна. Тиймээс тэд санхүүгийн хөшүүрэгтэй хийж байна. Харин иргэний хөдөлгөөнийхөн хаанаас энэ санхүүжилтээ аваад байгаагаа ил тод тайлбарлаж болно. Гэвч нууцлаад хэлэхгүй байгаа учир бид бас хардах эрхтэй. Манайх цэвэр судалгааны байгууллага. Тийм учраас төр, иргэний хөдөлгөөнийхөн, үйлдвэрлэгч аль алинтай нь хамтран ажиллахад бэлэн. Хөрс, ус, агаарын дээжийг авчраад шинжлүүлж болно. Бид мэргэжлийн талаасаа хэнтэй ч шударгаар хамтран ажиллахад бэлэн байна.

-Цацрагийн хэрэглээ нэмэгдлээ гэж байна. Энэ асуудлаар танайд иргэд хэр хандаж байна вэ?
-Жирийн хүмүүст энэ талаар сайн ойлголт байхгүй. Цөмийн цацрагийг ашигладаг газар олон байна. Үйлдвэр, эмнэлэг, уул уурхайд өргөн ашигладаг. Цацрагийн үүсгүүр ашиглах бүртээ Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг нэг хуудас өргөдөл бичээд авчихгүй. Ямар хүчин чадалтай үүсгүүр ашиглах, аюулгүй ажиллагааны дүрэм журам, хариуцдаг мэргэжлийн ажилтан зэрэг шаардагдах мэдээллээ өгнө. Аюулгүй ашиглах нөхцөл нь бүрдсэн байж эрхийг нь авна. Цацраг ашигладаг байгууллага жил бүр тайлагнана. Энэ нь маш чанга хяналт дор явагддаг. Ер нь өдөр тутмын хэрэглээндээ бид байнга цацрагтай харьцаж байдаг. Цахилгаан соронзон долгион буюу аливаа цацраг нь хүний бие эрхтэнд таагүй нөлөөлөх талтай. Ялангуяа урт хугацааны туршид үйлчлэх сул цахилгаан соронзон долгион үүсгэгчид хамгийн аюултай гэдэг. Тийм үүсгүүрийн тоонд аудио-видео болон ахуйн техник хэрэгсэл ордог. Хүний биед хамгийн их нөлөө үзүүлдэг нь гар утас, хэт богино долгионы зуух, компьютер, телевизор юм. Цахилгаан соронзон долгион нь хүний дархлаа, мэдрэл, дотоод шүүрэл болон нөхөн үржихүйн системд хамгийн их нөлөөлдөг. Мэдрэлийн системд нөлөөлснөөс цочромтгой болох, хурдан ядрах, ой санамж сулдах, нойр муудах улмаар уймраа болдог. Тиймээс цахилгаан соронзон орны нөлөөнөөс хамгаалахын тулд цацраг үүсгэгч техник хэрэгсэлтэй ажиллах горимыг зохистой сонгох, үүсгүүрээс аль болох хол зайд байх хэрэгтэй. Аливаа цацрагаас хортой гэж айх биш, зөв зохистой хамгаалалтыг бүрдүүлж ашиглах нь зөв. Ер нь үндэслэлгүйгээр цацрагийн аливаа шарлага үүсгэхгүй байх зарчим байдаг.

-Танайх хаана хаана судалгаа хийдэг вэ?
-Манайх 1986 оноос хойш Багануурын уурхай орчмын цацраг идэвхийг судалсан. Улсын стандартын газраас цацрагийн хэмжилт хийх итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээтэй. Янз бүрийн барилгын материал, экологийн судалгаа хийдэг, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг газруудаас бид дээжийг нь авч цацрагийн шинжилгээ хийж өгдөг.

Мал үхсэн асуудал цацрагтай ямар ч холбоогүй

-Норсүрэн гуайн тугал юунаас хордож үхсэн гэж дүгнэж байна вэ?
-Манай төв энэ асуудалд оролцоогүй. Гэхдээ манай мэргэжилтэн Улсын комиссын бүрэлдэхүүнд ажилласан. Мэргэжлийн тайланг Цөмийн энергийн газрын эрдэмтэдийн зөвлөлд танилцуулсан. Манайхаас гурван хүн тэнд ордог. Танилцуулгаас харахад мал үхсэн асуудал нь цацрагтай ямар ч холбоогүй гэдэг тодорхой байсан. Тэр орчмын хөрс, шороог шинжилж үзэхэд сeлени ердийн байх хэмжээнээсээ их гарсан байсан. Малын эрхтнээс ч гарсан гэсэн. Селени хаанаас гарсныг бид мэдэхгүй. “Кожеговь” ХХК тэнд 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ цацраг нөлөөлсөн бол том жижиг хүн, амьтан гэж ялгахгүй хордох байлаа. Хэр зэрэг удаан хугацаанд, хэр хэмжээний шарлага өгч вэ гэдгээс хамаардаг. Цацрагаас хордсон байвал олон настай, бүдүүн малд илүү нөлөөлнө. Түүнээс бус хэдхэн сартай тугал хамгийн бага хордох байсан. 10 настай үхэр, хэдхэн сартай тугал нэг дор байна. 10 настай үхэр 10 жил хордсон байж таарна. Ингээд энгийнээр бодохоор 10 настай үхэр нь үхсэн баймаар. Гэтэл нь тугал үхсэн гэдэг цацрагаас болоогүйн бас нэг баталгаа.

-Манайд хайгуулын ажиллагаа явуулж байгаа “Арева” компанид итгэл үзүүлж болох уу? Мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-“Арева” групп ураны технологиороо дэлхийд тэргүүлэх толгой компанийн нэг. Манай улсад “Арева” олон жил ажиллалаа. Дээр нь Японы “Мицүбиши” компани хамтарч байна. Хариуцлагатай уул уурхай гэж байдаг шүү дээ. Хариуцлага бизнес талаас нь Япон, Франц хоёртой хамтарч байгаа нөхцөлд итгэхээс өөр арга байхгүй. Бизнес итгэлцэл дээр явдаг. Харин бид хяналтаа л сайн тавих ёстой. Дэлхийн том компаниуд ашгаа бодох нь мэдээж ч, өөрийнхөө нэр хүндийг бас бодно. Бидний ярьдагаар энэ компаниуд аварга бөхчүүд гэсэн үг. Аварга бөхчүүдийг нэг талаас хүн хүндэлнэ. Нөгөө талаас аварга нэр төрөө бодно. Энэ бол зөвхөн монгол бөхийн жудаг биш бизнесийн алтан дүрэм.

-Манайх “Оюутолгой”-гоо эхлүүлсэн чинь зэсийн үнэ олон улсад унаад, “Тавантолгой”-гоо ажиллуулахад нүүрсний үнэ хэд дахин буурчихлаа. Одоо уранаа олборлохоор бас ханш нь буурчих вий гэсэн болгоомжлол байх шиг?
-Харин ийм учраас бид зэс, алт, нүүрс, ураныг аль алиныг нь ашиглах хэрэгтэй. Цаашлаад малын арьс шир, ноос ноолуур, мах гээд 10-аас цөөнгүй зүйлийг экспортод гаргах шаардлагатай. Олон улсын зах зээлд хоёр, гурван барааны ханш унахад, бас хоёр гурвынх үнэ өснө, нийлбэрээрээ эдийн засгаа аваад явчихна. Олон улсад зэсийн үнэ унахад манай эдийн засаг энд дагаж унаад, хямраад байж болохгүй. Эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг. Аливаа бизнест хүн өөрийн давуу талаа ашиглах нь зүйтэй. Манайд давуу тал байна шүү дээ.

-Уул уурхайн томоохон олборлолт явуулж байгаа газарт суурин байгуулж хөгжүүлэх шаардлагатай гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Оросууд манайд үйлдвэр барихдаа хот, суурин барьж байгуулж өгч байсан. Сүүлийн үеийн томоохон уул уурхайн компаниуд кемп барьж үйл ажиллагаа явуулаад, ажлаа дуусахаар буцаагаад ачаад явдаг. Орон нутагт үлдэх юм алга гэх шүүмжлэл байна. Үүнтэй та санал нийлдэг үү?
-Тийм зүйл ажиглагдаж байна. Ялангуяа Оюутолгой дээр 14 хоног ажиллаад, буцаж яваад. Ураны хувьд тийм зүйл байх шаардлагагүй байж магадгүй. Нэгдүгээрт ураны уурхайн ойрхон хот байгуулаад байх нь тохиромжгүй. Шар нунтгийн үйлдвэрлэл учраас тэр түвшинд нь хүдрийн баяжуулалт хийгээд гадагш гаргана. Орон нутгийн санал санаачлагыг дэмжиж, хүн амын нийгмийн асуудалд анхаарсан олон ажлыг “Арева” группын “Кожеговь” компани хийдэг гэж би ойлгодог. Харин иргэний хөдөлгөөнийхөнд мөнгө, сумын Засаг даргад жип машин өгөх хэлбэрээр байж болохгүй. Нийтийг хамарсан, нийгмийн асуудалд гадаадын хариуцлагатай компаниуд туслахад бэлэн байдаг шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
.
Н.Энхбат  /shuud.mn/

Үзсэн : 78

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200