Хиймэл оюун ба өгөгдлийн ухааны “Data Nomads” хурал, өгөгдлийн шинжилгээний тэмцээн боллоо
2020.04.29

Machine Learning UB community залуучууд Хиймэл оюун, өгөгдлийн ухааны хурал, өгөгдлийн шинжилгээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Өгөгдлийн шинжилгээний тэмцээнийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны үйлчилгээг сайжруулахад чиглэн зохион байгуулсан нь нийгмийн асуудлыг өгөгдлийн шинжилгээ, машин сургалтаар шийдвэрлэх гэсэн сайн санаачилга болжээ. Тэмцээнийг Kaggle платформ ашиглан 2 шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатанд 2020 оны 3 дугаар сарын 1-31-ний хооронд нийт 23 баг автобус тухайн буудал дээр ирэх хугацааг таамаглаж өрсөлдсөн юм.

Сайн үр дүн үзүүлсэн баг 55 секундын алдаатай зөв таамагласан. Удаах шатанд 14 баг шалгарч 2020 оны 4 дүгээр сарын 8-15-ны хугацаанд тухайн буудал дээр хэчнээн зорчигчтой ирэхийг таамаглах даалгавартайгаар уралдсан. Түрүүлсэн баг 1.19 хүний зөрүүтэй зөв таамаглаж чаджээ. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болох Хиймэл оюун, өгөгдлийн ухааны хуралд энэ салбарт ажиллаж буй их, дээд сургууль, компанийн мэргэжилтнүүд илтгэл тавьж туршлагаасаа хуваалцсан юм. Тус хурлыг 5 цагийн турш онлайнаар шууд дамжуулж 11 мянга гаруй (хүрсэн хүмүүсийн тоо 31 мянга, нэг илтгэлийг дунджаар 178 хүн) хүмүүс үзжээ. Эдгээр үйл ажиллагааны талаарх товч тайланг энд дарж үзэх боломжтой.

МУИС энэ үйл ажиллагааг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажилласан юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд хурдацтай хөгжиж буй аж үйлдвэрийн 4-р хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун, өгөгдлийн ухааны салбарыг хөгжүүлэхэд МУИС хувь нэмрээ оруулж байгаагийн нэг жишээ боллоо. Мөн МУИС-ийн хувьд нээлттэй өгөгдлийг Монгол Улсад хөгжүүлэх, сурталчлахад түүчээлэн ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200