МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу,

Улиран өнгөрч байгаа 2014 он 72 жилийн түүхтэй МУИС-ийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал дүүрэн жил болж өнгөрч байна. Мэдээж энэ үйл явдал нь МУИС-ийн профессор, багш, та бидний хүчээр хийсэн бүтцийн өөрчлөлт байлаа.

Энэ өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн хуучин бүтцийн сургуулиудаа барууны өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудийн загвараар шинэчлэн зохион байгуулсанаас гадна, бүх шатны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутан залууст мэргэжлийн хөтөлбөр, хичээл, багшаа сонгох өргөн боломж олгосон, тэдэнд хандсан үйлчилгээг сайжруулсан, МУИС-ийн түүхэнд анх удаа судлаач профессор, багш нарыг дэмжсэн, эрдэм шинжилгээний бүтээл, мэргэжлийн сэтгүүлийн чанарыг сайжруулах зорилготой профессорын, өндөр түвшний, салбар дундын залуу судлаач, сэтгүүлийн зэрэг ангилалаар грант олгож 2014-2015 оны хичээлийн жилийг “Судалгааг дэмжих жил” болгон зарлалаа.

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн нэг гол брэнд нь хуучин бүтцийн 7 сургуулийн инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн сургалтын хөтөлбөр, судлаач багш нар, оюутнуудыг нэгтгэн байгуулсан Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль (ХШУИС) юм.

Мөн түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-д хамаарагдах 40 хөтөлбөрөөс ХШУИС-д 12 хөтөлбөр харъяалагдаж байгаа нь Монгол улсын хөгжилд  манай сургуулийн гүйцэтгэх үүрэг өндөр байгааг харуулж байна.

ХШУИС нь 3817 бакалавр, 468 магистр докторын түвшний оюутантай, 181 багш ажилтантай, 4 мэргэжлийн тэнхимтэй, нийт 123 багшаас докторын зэрэгтэй 69, профессор 14, дэд профессор 24, бакалаврын 31, магистрын 37, докторын 16 сургалтын хөтөлбөртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрхэм хүндэт багш, ажилтан Та нарт болон Танай гэр бүлийнхэнд ХШУИС-ийн түүхэн дахь анхны  шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж байгаа шинэ ондоо ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Захирал                    Д-р, Ш.Нямбаа