Ц.Соёл-Эрдэнэ “ДЭЛХИЙ СУДЛАЛЫН САЛБАРТ ХҮН ТӨРӨЛХТӨНД ГҮЙЦЭД ТАЙЛАГДААГҮЙ ЗҮЙЛС НАДАД МАШ СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ”

МУИС-ийн залуу эрдэмтэн багш нарын түүчээ болсон Ц.Соёл-Эрдэнэ 2014 оны “Шилдэг залуу багш” өргөмжлөлийн эзнээр тодорсон билээ. Эрдэмтэн, судлаач хүний хувьд ШУ-ны тухайлсан салбарт өрнөж буй өөрчлөлтийг нээн илрүүлэх, шинэчлэлийг бий болгох замаар хувь нэмрээ оруулсан байдлыг дэлхий нийтэд таниулах, тайлагнах  гол хэрэгсэл болоод арга зам бол Олон улсын сэтгүүл болоод эрдэм шинжилгээний хурал байдаг.  Ц.Соёл-Эрдэнэ багш маань БНСУ-д докторантурт суралцах явцдаа нийт 4 эрдэм шинжилгээний төсөл хариуцан ажиллаж зургаан өгүүллээ гадаадын өндөр зэрэглэлийн (SCI импакт фактор бүхий) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн. Тэрээр оюутан ахуй цагаасаа эхлэн өдгөө докторын зэрэгтэй ахлах багш хүртэлх он жилүүдэд эрдэм шинжилгээний ажлуудад идэвхитэй оролцож, Хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлуудыг гадаад дотоодын эрдэмтэн, багш нарын хамтаар судлан төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. МӨн байгаль орчны бохирдол, доройтлын асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд орж буй энэ үед түүнийг шийдвэрлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулах эрдэмтэн мөн хэмээн МУИС түүгээр бахардаг билээ. Залуу насандаа ихийг бүтээж яваа багш таны Монгол орны төдийгүй ОУ, Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтэн болох зам тань дардан байх болтугай. Ингээд МУИС-ийн сайтын уншигчид та бүхэндээ Ц.Соёл-Эрдэнэ багшийн “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Picture 284

МУИС, ХШУИС Хүрээлэн буй орчин судлал, Хими инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ сургуулийн удирдлагуудаас “Шилдэг залуу багш 2014″-ийн өргөмжлөлөө гардан авч байгаа нь

 

-Та байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд Монгол Улсын байгалийн өнөөгийн нөхцөл байдлыг ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Байгаль орчны бохирдлын хувьд Монгол Улсад бүс нутгийн шинжтэй асуудал их байна гэхэд болно. Улаанбаатар хотын агаарын бохирдол, Туул голын усны бохирдол, уул уурхайн ойролцоох хөрсний бохирдол, элэгдэл эвдрэл гээд олон асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа ч техник тоног төхөөрөмж, эдийн засгийн боломж муугаас шалтгаалж үр дүнтэй ажил хийж чадахгүй байна. Энэ нь энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн сэтгэл, чадвар дутсанаас бус нийгмийн хөгжил, эдийн засгийн чадамжаас зарим талаараа шалтгаалж байна.

- Та мэргэжлийхээ онцлог, давуу талаас манай уншигчдад сонирхуулна уу.

Би МУИС-ийн хүрээлэн буй орчны химийн мэргэжлийн анхны төгсөгчдийн нэг.Аав маань анх “МУИС-д Экологийн химич, Нефьтийн химич гэсэн шинэ мэргэжлээр оюутан элсүүлнэ” гэсэн мэдээг Өдрийн сониноос уншаад надад энэ ангид орж суралцахыг зөвлөсөн. Сургуулиа төгсөөдБНСУ-ын Сөүл Хотын Их Сургуулид Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцаж төгссөн юм. Харин докторын зэргээ дэлхий судлал, хүрээлэн буй орчин судлалын чиглэлээр БНСУ-ын Сөүлийн Их Сургуульд хамгаалсан. Ингээд хүрээлэн буй орчинтой холбоотой 3 өөр салбараар суралцсан юм. Хүрээлэн буй орчны инженер, хүрээлэн буй орчин, дэлхий судлал гэсэн чиглэлүүд ойролцоо, адилхан мэт боловч нарийвчлан судалбал, судалж буй зүйл, цар хүрээ, арга аргачлал зэргээрээхоорондоо их өөр. Хүрээлэн буй орчны инженер нь бохирдлын ялгаруулалт, боловсруулалтад илүү анхаардаг. Жишээ нь, гарч байгаа хаягдал усны бохирдлыг бууруулжяг тухайн цаг үед нь боловсруулах гэх мэт. Харин дэлхий судлал бол цаг хугацаа, орон зайн хувьд илүү өргөн хүрээтэй. Тухайлбал дэлхий дээр ямар процесс хэдэн мянган жилийн давтамжтай хэрхэн явагдаж,яаж устаж алга болж байна, үүнд юу нөлөөлж байна гэх мэтийг судалдаг.Жишээ нь би докторын дараах судалгаагаа Солонгосын Туйлын судалгааны хүрээлэндМөсөн цооног судлалын лабораторид гүйцэтгэсэн юм. Тэнд хойд, өмнөд туйлаас авчирсан мөсөн цооногийн дээжүүдэд химийн анализ хийж үүгээр дэлхий дээр явагдаж буй процессийг судалдаг.Би Антарктидаас авсан хамгийн гүн цоооног болох (3000 метр) EPICA цооногийн хамгийн гүн хэсгийн буюу 500-800 мянган жилийн настай мөсний дээжүүдийн цагаан алтны бүлгийн элементүүдийг судалж тэдгээрийн байгалийн эргэлт хэрхэн явагдаж буй, түүнд уур амьсгалын өөрчлөлт яаж нөлөөлж буйг илрүүлэх судалгааг хийсэн. Энэ мэтчилэн хүн төрөлхтөнд гүйцэд тайлагдаагүй шинэ зүйлийг үргэлж эрэлхийлж байдаг тул дэлхий судлалын салбар надад маш сонирхолтой санагддаг.

-Дэлхий судлалын чиглэлийг сонгоход нөлөөлсөн гол хүчин зүйл тань юу байв?

-Анх би БНСУ-д суралцахаар явахдаа Сөүл хотын их сургууль, МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д 100% тэтгэлэгтэйгээр суралцах хоёр шатлалтай оюутан шалгаруулалтад оролцсон. Нэг жилийн турш солонгос хэлний сургалтад суулгаж, тэнцсэн хүүхдүүд нь явах журамтай хөтөлбөр байлаа. Энэ хүрээнд хүрээлэн буй орчны инженерийн доктор болох зорилготой явсан. Гэвч манай боловсролын систем 10 жил. Үүнийг гаднын их сургуулиад хоёр жил дутуу гэж үздэг. Ингээд бакалаврын III курст суралцан хүрээлэн буй орчны инженер болж төгссөн. Үргэлжлүүлээд хүрээлэн буй орчны инженерийн мэргэжлээр магистр, цаашлаад доктор болно гэвэл цаг их алдах байлаа. Тиймээс Монголд нэгэнт байгалийн ухааны магистраа төгссөн байсан тул Сөүлийн их сургуулийн шинжлэх ухаан, байгаль орчны чиглэлээр докторантурт элсэн орж, геохимийн лабораторид орсон юм. Энд би савныхаа хирээр сурах боломжтой болсон гэж боддог. Сөүлийн Их Сургуулийн Дэлхий, хүрээлэн буй орчин судлалын тэнхим 40 гаруй профессортой. Тэдний зөвхөн нэг нь эмэгтэй профессор. Тэр хүн намайг удирдаж би багшийнхаа солонгост ирснээс хойших докторын анхны оюутан болж байлаа.

-Сурч байхдаа эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүллээ томоохон сэтгүүлүүдэд гаргасан тухай сонссон. Энэ тухайд?

-Докторантурт сурч байх явцдаа нийт 4 эрдэм шинжилгээний төсөл хариуцан ажиллаж зургаан өгүүлэл хэвлүүлсэн. Тэднээс онцолбол докторын 3 дахь жилдээ гүйцэтгэсэн судалгаа маань цагаан алтны бүлгийн элементүүдийн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нь дэлхий нийтийг хамарсан глобаль бохирдол болж тархсныг Антарктидын цасны цооног ашиглан илрүүлсэн нь анхны бүтээл болсон юм. Үүнээс өмнө бүс нутгийн түвшинд агаарын тоосонцор, хөрс, усанд цагаан алтны бүлгийн элементүүд ихэсч байгааг илрүүлж байсан. Энэ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол, концентраци нь харьцангуй өндөр байдаг болохоор илрүүлэхэд арай хялбар байдаг. Харин Антарктид тив бол хүн ам, үйлдвэрлэлийн эх үүсвэрээс хамгийн алс бөгөөд илрүүлэхэд хэцүү, тэндэхийн агаарын өөрчлөлт нь дэлхийн агаар мандлын глобаль хэмжээний өөрчлөлтийг илэрхийлдэг. Энэ судалгаа АНУ-ийн Химийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг өндөр зэрэглэлийн сэтгүүл болох “Environmental Science and Technology” сэтгүүлд хэвлэгдсэн юм. Үүнээс гадна мөн борооны ус, далайн ёроолын хурдсын сүвний ус, Азийн томоохон голуудын ус зэрэг дээжүүдэд цагаан алтны бүлгийн болон газрын болон газрын ховор элементүүдийн судалгаа хийж байгалийн процессуудыг судалж байсан. Эдгээр нь тухай бүр олон улсын ШУ-ны сэтгүүлүүдэд өгүүлэл болж хэвлэгдсэн.

-Монголд судалгаа хийх боломж хэр байна вэ?

-Хийж байсан судалгааны ажлаа эх орондоо үргэлжлүүлэх бодол бий. Гэхдээ судлах боломж тааруу байна. Одоогоор манай оронд микро элементийг хүрээлэн буй орчны дээжүүдэд сайн судалж тодорхойлох боломж байхгүй байна. Судалгааны нөхцөлийг сайжруулахын тулд сургуулийн удирдлагаас эхлээд багш, судлаачид дор бүрнээ хичээж байгаа.

-Химийн эдгээр судалгаа нь хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Шинжлэх ухааны өгүүлэл болж хэвлэгдэхэд дэлхийн олон эрдэмтдийн шүүмжийг давах хэрэгтэй. Тэгээд хүлээн зөвшөөрөгдөөд нийтлэгдэнэ гэдэг бол хэрэгтэй, шаардлагатай, бас зохих түвшинд хийгдсэн ажил болохыг илтгэнэ. Тэгэхээр нэгдүгээрт, энэ нь шинжлэх ухааны дэвшилд түлхэц болно. Хоёрдугаарт, судалгааны ажил шинээр хийж эхэлж байгаа  оюутнуудад хэрэгтэй. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цагаан алтны бүлгийн элементүүд болон газрын ховор элементүүдийг маш их хэрэглэж байгаа. Ялангуяа 1960 оноос дэлхий нийтээр үүнийг аж үйлдвэрлэлд өргөн хэрэглэх болсон. Цагаан алтны бүлгийн элемент нь  катализаторийн үүрэг гүйцэтгэдэг онцлог шинжтэй. Катализатор гэдэг нь урвалын хурдыг хурдасгагч гэсэн үг. Аль нэг химийн үйлдвэрт ашиглаж байгаа урвалын хурдыг нэмэгдүүлснээр богино хугацаанд их бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Гэтэл эдгээрийг ингэж ихээр хэрэглэвэл байгальд, амьд организмд нөлөөтэй юу?, энэ бохирдол ямар замаар байгаль дээр тархах вэ зэрэг нь шинжлэх ухааны судлавал зохих шинэ чухал асуудал юм.

-Энэ элементийг үйлдвэрлэлээс гадна юунд ашигладаг вэ?

-Газрын ховор элементийг техник технологийн бүх салбарт ашиглаж байна. Автомашин, компьютерийн эд анги гээд олон салбарт ашиглах боломжтой, ашигтай элемент. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр газрын ховор элемент, цагаан алтны олборлолт, ашиглалт маш их болж байна. Цагаан алтны бүлгийн элементийн хувьд автомашины хөдөлгүүрт ашигладаг. 1960-1970 онд дэлхийн том хотуудад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсан. Харин цагаан алтны бүлгийн элементийг автомашины хөдөлгүүрт катализатор болгон ашигласнаар автомашины хөдөлгүүрт явагддаг шатах урвалыг хурдасгаж үүний үр дүнд агаарын бохирдол өндөр хувиар буурсан байдаг.

-Манай улсын нийслэлд өдийд хамгийн их яригддаг асуудлын нэг нь утаа. Одоо хэрэглэж байгаа арга төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шиг. Тэгэхээр өөр ямар арга хэрэглэх нь үр дүнтэй вэ?

-Аливаа бохирдлыг бууруулахын тулд ялгаруулалтыг бууруулахын төлөө ажиллах шаардлагатай. Ялангуяа агаарын бохирдол бол нэгэнт агаарт гарсан хойно нь цэвэрлэх боломжгүй. Утааг шийдэх хамгийн гол арга уг нь нүүрс түлэхээ болих явдал юм. Гэвч манай улс нүүрснээс цахилгаан, дулааны энергийн ихэнх хувийг гаргаж авч байгаа болохоор хэрэглээнээс татгалзах боломжгүй байна. Нүүрсний бүрэн шаталтаар СО2 үүсэх ёстой. Гэтэл гэрийн зууханд нүүрс дутуу шатсанаар СО үүсдэг. Энэ нь угаарын хий буюу хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг хортой хий бөгөөд Улаанбаатар хотын агаарын үндсэн бохирдуулагч болоод байна. Утааг багасгахын тулд манай улсад нэвтрүүлж байгаа утаагүй зуухны төслийн гол зорилго нь нүүрсийг бүрэн шатаах, өөрөөр хэлбэл угаарын хийн ялгаруулалтыг бууруулах юм. Утаагүй зуухны төслийн үр дүн сайн гарахгүй байна гэж олон нийт харж байна. Гэхдээ энэ нь их олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Хүн амын амжиргаа дээшилж бүгд орон сууцанд амьдардаг болох, эсвэл цахилгааны хангамж нэмэгдэж гэр хороололд цахилгаанаар дулаанаа хангадаг болвол утаанаас ангижрах болов уу.

-Мөн ажлын байрны хүрэлцээ хангамж хэр байна гэж үздэг вэ. Шинээр төгсөн гарч байгаа боловсон хүчний ур чадвар ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлийн 40 мэргэжлийн тэргүүн эгнээнд байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэргэжил багтаж байна. Үйлдвэрлэл хөгжихийн хирээр хүрээлэн буй орчны инженер, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг мэргэжлүүд чухал шаардлагатай болж байна. Манай улсын томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд байгаль орчны албатай байдаг болсон. Тэгэхээр ажлын байрны эрэлт хэрэгцээний хувьд хангалттай байгаа. Харин мэргэжилтнүүдийн чадварын хувьд би анхны элсэгч болж орсон гээд бодохоор энэ салбар өөрөө шинэ. Гэхдээ нэг үеэ бодоход одоо гадаад, дотоодод төгссөн чадварлаг мэргэжилтнүүд их болсон. Ур чадварын хувьд ч өсч дэвшиж байна.

-Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ. Та хэдэн хэлтэй вэ?

-Солонгост докторт сурч байхдаа өөртөө огт зав гаргаж чаддаггүй байсан. Шөнө гурав, дөрвөн цаг хүртэл сууж, бүх цагаа судалгааны ажилдаа зориулдаг байлаа. Монголдоо ирээд мөн л завгүй ажиллаж байна. Тиймээс тусад нь цаг гаргаж ямар нэг зүйлээр хичээллээгүй. Ажлаа хийнгээ өөрийгөө хөгжүүлж байна гэж боддог.  Англи болон солонгос хэлтэй.

-Залуус гадны улс оронд тэтгэлгээр сурах сонирхол их байдаг. Та тэтгэлгээр суралцсан залуусын төлөөллийн хувьд суралцах боломж бололцоо хэр байдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр гадны улсад оюутан 100 хувийн тэтгэлэгтэй сурах боломжтой. Сурах үйл явцдаа цагаа 100 хувь зарцуулах шаардлагатай учир сургуулиас эсвэл багш нь цалин олгодог. Бүх зүйлээ дайчилснаар үр дүн нь гарна. Манай оронд магиструуд ажиллангаа сурдаг нь зөвхөн хичээлээ хийдэг бакалаврын оюутнаас ялгарах зүйлгүй. Уг нь тухайн оюутан судлаач байх ёстой. Өөрөө сэдвээ дэвшүүлж, бүгдийг судалж гаргаж ирэх ёстой юм.

-Манайхаас энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд хэр олон байна вэ?

-Зөвхөн байгаль орчны чиглэл биш хими, физик зэрэг суурь шинжлэх ухааны чиглэл, инженер технологийн чиглэлээр суралцаж байгаа хүмүүс олон бий. Тухайн сургуулиас шаардаж байгаа нөхцөлийг хангавал хэн ч суралцах боломжтой.

-Та хэдэн хувийн тэтгэлгээр сурсан бэ?

-100 хувь тэтгэлэгтэй сурсан. Анх бакалаврт Сөүл хотын их сургуульд явахдаа 100 хувийн тэтгэлэгтэй өөрөөр хэлбэл сургалтын төлбөр төлөхгүй, степент авдаг байсан. Сөүлийн их сургуульд докторт сурахдаа сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөөд үндсэн степенд 900 мянган вонноос гадна төслийн цалин авдаг байлаа. Оюутнууддаа хандаж хэлэхэд тэтгэлгийн шалгуурыг хангахын тулд оюутан байхдаа англи хэл сурах нь маш өгөөжтэй. Их сургуульдаа мэргэжлийн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ англи хэлтэй болоод төгсвөл гадны хөгжилтэй орнуудад зэргээ ахиулан сурах боломж их байна. Монгол оюутан чадалтай мундаг юм байна. Хамтарч ажиллах оюутан байвал санал болгооч гэсэн хэд хэдэн санал ирсэн. Мэргэжлийн шалгуурыг нь хангаад хэлний бэрхшээлгүй суралцах боломжтой оюутан байвал боломж их байгаа нь харагддаг.

-Ярилцсанд баярлалаа. 

“Үндэсний шуудан” сонин